БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов

newslifemn 2024-04-24

 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.

Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейгээр өнөөдөр зочилж, Монгол-Киргизийн хамтарсан “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улстай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай байж, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлийг баримталж ирсэн. Монгол болон Киргиз улсын соёлын ижил төстэй байдал нь нүүдлийн соёл. Түүний зэрэгцээ Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэг цэг бол Алтай судлал юм. Ялангуяа нүүдлийн соёл, ахуйг өнөө хүртэл тээж ирсэн Монгол, Киргиз орны хувьд олон улсын тавцанд өөрийн гэсэн хамтлагтай болох шинэ боломжийг бүрдүүлж болох юм. Иймд эрдэмтэн судлаачдыг солилцож, эрдэм шинжилгээний хамтарсан хурал хийн, хамтарсан судалгаануудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна” гэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев, “Нүүдлийн соёл иргэншил бол эртний ард түмнүүдийн түүх төдийгүй өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн өв юм. Нүүдэлчдийн соёл иргэншлийн дурсгалыг судлах нь эртний уламжлал, зан заншил, соёл урлагийн ертөнцөд умбан орох боломжийг бидэнд олгодог. Тиймээс манай хоёр орны найрамдал, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн нягт харилцааг хөгжүүлэх, түүх соёлын өвийг харилцан судлах, уран бүтээлчдийг харилцан солилцох зэрэг үйл ажиллагааг 2024-2025 онд зохион байгуулах саналыг гаргаж байна” хэмээв.

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев энэхүү үзэсгэлэн нь Киргиз Улсын Парламентын даргын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын нэг хэсэг болж байгаагийн хувьд үндэстэн хоорондын соёлын солилцоо, харилцан ойлголцох явдалд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болж байна. Түүгээр зогсохгүй манай хоёр улсын парламент хоорондын болон соёлын харилцааг бэхжүүлэхэд үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Монголд зочлох жилийн хүрээнд өнгөрсөн онд хоёр орны иргэд аль аль талдаа 1000 хүн аялсан статистик байгааг дурдаад, иргэд хоорондын харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэх хүрээнд улс хоорондын нислэгийг сэргээх чиглэлд холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байгааг хэлсэн юм.

“Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд Чингис хаан Үндэсний музейн “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, албаны хүмүүс нээлтийн үг хэллээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд хоёр орны эрдэмтэн судлаачдын нийт 8 илтгэл хэлэлцүүлэх ба тус хурлаар Монгол, Киргиз хоёр орны түүхийн нийтлэг өв, онцлог тал, Чингис хаан болон түүний үр хойчсын үеийн Монгол, Киргизийн харилцаа, соёл иргэншил зэрэг сэдвийг хөндөх юм.

Уг үйл ажиллагааг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх,, угсаатны зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.