Төв аймагт “Аз жаргалтай эмэгтэй” клуб нээгдлээ

newslifemn 2024-04-22

Төв аймаг энэ жилийг “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан билээ. Урианы жилийн хүрээнд Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас санаачлан Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбар, Төв Политехник коллеж, аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран эмэгтэйчүүдэд гоо зүй, эрүүл мэнд, гэр бүл, амьдрах ухааны боловсрол олгох, өөрийгөө хөгжүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Аз жаргалтай эмэгтэй” клубыг байгуулж,  нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Төв аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбарын тэргүүн Б.Жаргалмаа нар оролцож баяр хүргэн, цаашид хийж, хэрэгжүүлэх арга хэмжээнд хамтран оролцохоо илэрхийлж, амжилт хүслээ.
Үүний дараа аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Буянхишиг клубээс зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл хүргэсэн юм.
– Тавдугаар сард “Гэр бүлийн харилцааны сургалт”, “Гар урлалын сургалт”
– Зургаадугаар сард Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чиглэсэн сургалт, “Оёдлын сургалт”
– Долоодугаар сард “Тогооч, нарийн боов, хоол үйлдвэрлэл”-ийн сургалт
– Наймдугаар сард “Гэр бүлд санхүүгийн боловсрол олгох сургалт”, Англи хэлний сургалт
– Есдүгээр сард “Эрүүл зөв хооллолт”, Япон хэлний сургалт
– Аравдугаар сард Гэр бүл төлөвлөлт болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтууд
– 11 дүгээр сард Гоо зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн нээлтэд оролцогчдоос зохион байгуулах хэмжээний санал авсан бөгөөд төлөвлөгөөндөө тусгах тухайгаа онцолж байв.
“Аз жаргалтай эмэгтэй” клуб 18-аас дээш насны охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд нээлттэй бөгөөд эхний удаад  Төв аймгийн Зуунмод суманд, дараагийн удаа бусад 26 сумын охид, эмэгтэйчүүдээ нэгтгэж, үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөж байгаа аж.
Нас насны төлөөлөл оролцсон уг арга хэмжээнд зочин илтгэгчээр Стратеги судлаач Д.Цэцэнбилэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Солонго нар оролцож хувь хүний хөгжлийн сургалт болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сонирхолтой мэдээллийг хийсэн бол Төв Политехник коллежоос үсэнд оношилгоо хийж, зөвлөгөө өгч ажилласан бол Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сэтгэл зүйч Э.Ану-Үжин сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг өгөв.
Цаашид клубийн зүгээс төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа тогтмол зохион байгуулах учир охидууд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүд та бүхнийг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, өөрийнхөө амьдралд өнгө нэмж, нэгэн шинэ хуудсыг нээн Аз жаргалтай эмэгтэй байхыг, болохыг уриаллаа.