Багш нарын наймдугаар их хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж хурлыг нээлээ.
Тэрбээр “Аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийн боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг юм. 21-р зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай.
Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, монгол улсын иргэн юм. Монголчууд багш, ном, эцэг эхийгээ гурван эрхэм гэж дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Сайн багшаас сайн шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай.
2023 онд дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ирээдүйн ажил, мэргэжил тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ. Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал билээ.
Алтан дэлхийг нар гийгүүлдэг, Ард түмнийг эрдэм гийгүүлдэг хэмээн манай ардын сайхан үг байдаг. Монгол хүнийг эрдэм номын гэгээн замд хөтөлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
1996 оноос хойш 23 жил тасалдаад байсан Монголын багш нарын долоодугаар их хурлыг таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн эвээл дор багш нар та бүхнийхээ хамтын хүчээр төрийн ордондоо зохион байгуулж байсан мөч саяхан мэт тод санагдаж байна. Энэ их хурлаар монголын мянга мянган багш нарын төлөөлөл хуран чуулж, боловсролын салбарын эрхзүйн шинэчлэл, бодлого, сургалтын агуулга, багшийн хөгжил, ёс зүй, ажлын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцон тогтоол шийдвэрийг гаргаж байсныг та бүхэн санаж байгаа.
Үүнийг үндэслэн багшийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газар шуурхай гаргаснаар тухайн их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд бидний хамтын ажиллагаа харилцан ойлголцол хичээл зүтгэлийн үр дүнд багш нарын долоодугаар их хурлаар гарсан шийдвэр амжилттай хэрэгжиж байгаад төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.
Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн. Цаашид ч байх болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050″-д монгол хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжлийн суурь болгон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна” хэмээн илтгэлээ.
0 cэтгэгдэлтэй