Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.09.16/-ийн хуралдааны эхэнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох зохицуулалтыг сэргээхээр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр уул уурхайн орлого өссөн үед төсвийн зарлага дагаж өсөхгүй байх, эдийн засгийн мөчлөгийн савлагааг бууруулах, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ” гэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуулийн төслийг батласнаар уул уурхай, олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос Үндэсний баялгийн санд хуваарилаад үлдэх хэсгийг улсын төсөвт ногдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх юм. Байнгын хорооны гишүүд хуулийн төслийн агуулга, зорилго нь иргэн рүү чиглэж, тэдний амьдралын чанарт нөлөө үзүүлнэ гэж үзээд үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэв.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд дэмжлээ.
Хуулийн төсөлд өрсөлдөөнийг хязгаарладаг эрх зүйн зохицуулалтыг өөрчлөхөөр тусгаж, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа ирүүлэх шаардлагагүйг онцлов.
Цаашлаад худалдан авах ажиллагаанд хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологи, интернэтэд суурилсан тендер шалгаруулалтын аргуудыг шинээр нэвтрүүлнэ гэв. Байнгын хорооны гишүүд худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод болгох, гадны улс орны туршлагыг нэвтрүүлэх, эх оронч худалдан авалтыг дэмжих шаардлагатайг сануулж байв

0 cэтгэгдэлтэй