Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх тавдугаар сард Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй хэлэлцээр хийх гэж байгаа бөгөөд энэ нь түүний улиран сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлал болж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Даваа гарагт барууны засгийн газрууд Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг шударга бус, ардчилсан бус гэж буруушаасан бол Хятад, Энэтхэг, Хойд Солонгос улс Путинийг бүрэн эрхээ зургаан жилээр сунгасанд баяр хүргэсэн билээ.
Нэрээ нууцалсан эх сурвалжуудын нэг нь “Reuters” агентлагт “Путин Хятадад айлчилна” гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Өөр нэг эх сурвалж Путиний Хятадад хийх айлчлалыг батлаад, тавдугаар сарын хоёрдугаар хагаст болж магадгүй гэж хэлжээ. Мөн өөр эх сурвалж Путиний айлчлал Ши Жиньпиний Европт хийхээр төлөвлөж буй айлчлалаас өмнө болно гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд АНУ болон түүний холбоотнууд хоёр орны эсрэг хориг арга хэмжээ авснаар Хятад улс Оростой худалдаа, батлан хамгаалахын харилцаагаа бэхжүүлсэн. Тэр ч байтугай, 2022 оны хоёрдугаар сард Украины түрэмгийлэл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Путин Бээжинд айлчлах үеэр хоёр улс “хязгааргүй” түншлэлээ зарлаж байв.
Ням гарагт Путин сэтгүүлчдэд Орос, Хятад хоёр дэлхийн асуудлаар ижил төстэй үзэл бодолтой, зарим талаараа Путин, Ши хоёрын хувийн харилцааны ачаар тогтвортой харилцаатай байгаа бөгөөд Москва, Бээжин хоёр ойрын жилүүдэд харилцаагаа улам хөгжүүлнэ гэж хэлсэн байна.
Хятадын гаалийн мэдээгээр нэгээс арваннэгдүгээр сард Хятад-Оросын худалдаа 218.2 тэрбум ам.долларт хүрсэн ба 2024 он гэхэд хоёр талын худалдааг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг давжээ.
Ши Жиньпин мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Хятад улсын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсоныхоо дараа буюу тахлын дараах анхны гадаад айлчлалаараа Оросыг зорьж байв.
Хоёр удирдагч нийт 40 гаруй удаа уулзсан бөгөөд дотно нөхөрлөлөө байнга онцолдог. Хамгийн сүүлд аравдугаар сард Путин Бээжинд болсон “Нэг бүс, нэг зам” дээд хэмжээний уулзалтад зочноор оролцох үеэр уулзсан юм.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй