ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ГАДААД ПАСПОРТ, ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ гэх мэт улсын бүртгэлийн үйлчилгийг 7 хоногийн бүх өдөр 24 цагаар захиалах, хүлээн авах 24/7 ЦАХИМ ТӨВТЭЙ БОЛЛОО.
2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийн нээлт боллоо.
Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдэд улам ойртож байна. Одоо 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гээд олон үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Дээр нь, энэ төвөөс гадна явуулын хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр манай бүртгэлийн байгууллага өөрөө очиж үйлчилдэг болж байна.
Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа.
Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, өнөөдрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ. Энэ төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой.
Үүнд,
Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/
Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/
Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ
Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ
Төлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм.
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ ИРГЭДЭД БҮРТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Хүний эрхийг дээдэлж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь хүргэх явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээг бүртгэлийн байгууллага нэвтрүүллээ.
Ингэснээр бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай, зорилтот бүлгийн иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан газарт оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаар шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.
1 сэтгэгдэлтэй
Энэ төв нь хаана байдаг вэ?