Б. Хонгор: Нийтийн хоолны зарим газар хүчин чадлаасаа давсан  шинэ жилийн захиалга авч байгаа нь эрсдэл үүсэхэд нөлөөлж байна

newslifemn 2023-12-20

Шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж, байгууллага хамт олноороо өнгөрсөн жилийнхээ ажил хөдөлмөрийг дүгнэж, баяраа тэмдэглэж байна.  Яг энэ үед Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт явуулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, зөвлөн туслах шалгалтыг явуулж байна. Нийтийн хоолны салбарын хяналт шалгалтыг талаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуй газрын ХЧСХ-ын Улсын байцаагч  Б. Хонгортой ярилцлаа.

-Шинэ жилийн баяр өдрүүд үргэлжилж байгууллага хамт олноороо ресторан, лоуж,  нийтийн хоолны газруудаар олноороо үйлчлүүлж байна. Нийтийн хоол үйлдвэрлэхэд ямар шаардлага хангасан байж  энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зохицуулалтай вэ?

-Нийтийн хоолны үйлчилгээг эрхлэхэд энэ тэргүүнд зориулалтын барилга байгууламжтай байх, зориулалтын тоног төхөөрөмжтэй байх, нийтийн хоолны  бэлдэцийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх, баталгаажилт гарал үүсэл тодорхой хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэх, батлагдсан жор технологийн дагуу хоол үйлдвэрлэлийг мэргэжлийн тогооч хийж гүйцэтгэх шаардлагыг тавьдаг. Дотоодын хяналтыг тогтмол явуулж эрсдэлгүй аюулгүй хоолны үйлдвэрлэлийг явуулах боломжтой юм.

-Хяналт шалгалтын явцад Нийтийн хоолны үйлдвэрлэлд ямар зөрчил дутагдал гаргаж байна вэ?

-Дээр дурьдсан нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд  цөөнгүй гарч байна. Нийтийн хоолны зарим үйлдвэрлэл эрхлэгчид хүчин чадлаасаа давсан  шинэ жилийн захиалга авч үйлчилгээ үзүүлэх үед хүний нөөцийн дутагдалтай байгаагаас шалтгаалан хоол хүнсний бүтээгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн бүтээгдэхүүн хадгалалтын горим зөрчиж хадгалсан учраас хүнсний бүтээгдэхүүн муудсанаар гэдэсний халдвар гарч болзошгүй эрсдэлтэй байна.

Зөвшөөрлийн тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Зөвшөөрлийн тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн. Тусгай зөвшөөрөл таван жилийн хугацаатай олгогдож эхэлсэн. Үүнтэй холбоотой хуульд тодорхой зохицуулалтууд орсон. Хяналт хэрэгжүүлдэг байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг шаарддаг болсон. Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсээс хуулийн дагуу согтууруулах ундаагаар үйлчлэх газруудын ажлын байрыг үзэж, дүгнэлт гаргадаг. Хяналтын хуудсны дагуу тухайн ажлын байрыг үзэж эрсдлийн үнэлгээг хийхэд бага эрсдэлтэй хийгдэж байвал шаардлага хангасан гэж үзэж дүгнэлт олгогддог.

-Энэ төрлийн зөвшөөрлийг аж ахуй нэгжүүд хаана, хэрхэн хандаж авах боломжтой вэ?

-Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар цахимаар хүлээж авч байна. Ulaanbaatar.mn буюу онлайн бизнес төвийн хүнсний чиглэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн ажлын байрны дүгнэлт гэсэн цэс рүү орж согтууруулах ундааны худалдаа болон үйлчилгээ явуулах аж ахуй нэгжүүд хүсэлт явуулснаар манай байгууллагын чиглэлийн байцаагч шалгалт хийж дүгнэлт гаргадаг. 2023 онд  согтууруулах бүтээгдэхүүнээр худалдах үйлчлэх зөвшөөрлийн өмнө Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргадаг. Дүгнэлтийн хүрээнд  зөвшөөрлүүд олгогддог.

-Нэг талаас хяналтын байгууллага болзошгүй эрсдлээс сэргийлж нийтийн хоолны үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах байдлаар ажиллаж байна. Нөгөө талаас иргэд нийтийн хоолны газраар үйлчлүүлэхдээ юунд анхаарснаар эрсдлээс сэргийлэх боломжтой вэ?  Үүнд  иргэдийн оролцоо чухал

-Иргэд нийтийн хоолны газраар үйлчлүүлэхдээ үйлчилгээ эрхлэгчид зориулалтын дагуу байранд үйлчилгээ эрхлэдэг эсэх, шаардлага хангасан зориулалтын ариун цэврийн газартай эсэх, хоол халуун баригчинд байгаа эсэхийг эн тэргүүнд харгалзан үзэх хэрэгтэй. Гудамжны хоол үйлдвэрлэгч амны хаалт зүүсэн эсэх, ариун цэврийг сахисан хувцас хэрэгсэлтэй эсэх, орчин нөхцөлийг харгалзан үйлчлүүлэх нь зүйтэй. Эрсдэлтэй аюултай хоол хүнс худалдан авсан тохиолдолд тухайн газартаа шаардлага тавих бүрэн боломжтой. Хэрвээ шаардлага хүлээн аваагүй тохиолдолд төрийн хяналт хэрэгжүүлдэг байгууллагад гомдол мэдээлэл өгснөөр  хуулийн дагуу шалгалт явуулж иргэний гомдол мэдээлэлд хариуг өгч ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа