Монгол орны тухай, онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчдын амьдралыг харуулсан Францын “Баавгайн хөндий” баримтат киноны Монгол дахь албан ёсны нээлт “Шангри-Ла” зочид буудлын IMAX кино театрт өчигдөр боллоо.
Киног египет гаралтай Францын ARTE телевизийн нэрт найруулагч Хамир Сардар найруулж, кино зургийг Хөвсгөл аймагт авчээ.
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан С.Төмөрсүхийн амьдралаар бүтээсэн уг кино дэлхийн таван тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж буй эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдрал, ажил үйлсийг харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариу эрэлхийлэхийг зорьжээ. Тодруулбал, Монгол орны тайгын ой болон биологийн олон янз байдлын хамгаалалд анхаарлаа хандуулахыг уриалжээ.
Дэлхийн кино сонирхогчдын анхаарлыг татаж, олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас 22 удаагийн цом, шагналыг хүртээд буй уг киног манай улсын БОАЖЯ, Ойн газар, Монголын Байгаль хамгаалагчдын холбоо зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрлөөр эх орондоо гарган, олон нийтэд түгээж байна. Киноны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар оролцов.
0 cэтгэгдэлтэй