Аялал жуулчлалыг хөгжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулагчдад аялал жуулчлалын бизнес эрхлэх таатай нөхцөлийг танилцуулах зорилгоор “Аялал жуулчлал-ногоон хөрөнгө оруулалт” чуулганыг үндэсний томоохон аж ахуй нэгж байгууллагууд, хөрөнгө оруулагчдын дунд зохион байгуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөрөнгө оруулалтын нөхцөлийг танилцуулаа.
“Дэлхийд онцлох, хөндөгдөөгүй сэрүүн хээрийн бүс, ус намгархаг бүс, хүнээсээ олон зэрлэг амьтад гээд Монгол оронд бусдаас ялгарах зүйлс олон бий. Энэ ондоошил ялгараа ашиглан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэдгийг онцлов.
Чуулганд Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалт”, АРА Төслийн санаачлагч Н.Өлзийбаяр аялал жуулчлалын салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалтуудын нэг “АРА ТӨСӨЛ” талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, ЖАЙКА-гийн Тогтвортой аялал жуулчлалын бодлого төслийн зөвлөх Такахико Макино, Хаан банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Г.Мөнхбаяр, Рио Тинто ХХК-ийн Түншлэл, Хамтын ажиллагаа хариуцсан захирал Г.Түвшинжаргал нар оролцож Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүй, шинэ боломж, хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар салбарын төлөөлөл болсон 200 орчим аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй санал оролцож байна.
0 cэтгэгдэлтэй