Г.Занданшатар: Уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх цаг ирсэн

newslifemn 2023-10-11

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Уул уурхайн 7 хоног” гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Дэлхий дахинд өндөр технологи хурдацтай хөгжиж, эрчим хүчний шилжилт өрнөж буй үед цаг үеэ олсон чуулган болж байгаад сайшаалтай байна. Мөн УИХ ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг холбогдох хуулиудын хамт багц байдлаар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Үндэсний баялгийн сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, ОҮИТБС-ын тухай зэрэг холбогдох хуультай нь уялдуулан багцаар нь авч үзэж, хариуцлагатай уул уурхайг дэмжихийг УИХ эрмэлзэж байна. Технологийн хурдацтай хөгжлийн үед өндөр технологийн түүхий эдийг эрэлттэй нь уялдуулан хайж, ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэхгүй бол үнэ цэнээ алдах, цаг үеэс хоцрох эрсдэлтэй тулгарч мэднэ. Цаашлаад 100 гаруй жилийн түүхтэй уул уурхайн салбар хөгжлийн дараагийн шатандаа орж, нэмүү өртөг шингээх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах цаг ирсэн” гэв.

Гурав дахь өдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Дэлхий нүүрснээс татгалзаж чадах уу?

Энэ хүрээнд нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийн ажлууд, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх төлөвлөгөө, нүүрс гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх төслүүдийг танилцуулж, нүүрсийг биржээр борлуулсны давуу талууд, нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба гарц боломжийн талаар илтгэл тавьж буйгаас гадна Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Монгол Улс дэлхий даяар өрнөж буй цэвэр түлш, эрчим хүчний шилжилтэд хэрхэн бэлтгэх вэ?

Ирэх жилүүдэд нүүрсний экспортын орлогоо нэмэгдүүлэх гарц, шийдлүүд, эрчим хүчний салбарыг найдвартай хангахын тулд нүүрсний уурхайнуудын үр ашгийг сайжруулах, зардлыг бууруулах, үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах шаардлагатай

Түүнчлэн гадаад зах зээлийн түншлэлээ хэрхэн бэхжүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг хэрхэн хөгжүүлэх зэрэг сэдвээр илтгэгчид хэлэлцүүлэг өрнүүлж байна.