ТӨВ: Залуу багш нар асуудлуудаа хэлэлцэв

newslifemn 2023-11-3

Г.Буянжаргал

Төв аймгийн 27 сумын Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа 34 хүртэлх насны 34 залуу багш нар өнөөдөр Төв аймгийн Нийтийн номын санд чуулав.

Чуулганаар залуу багш нарын хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах, эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах зорилготой аж.

Тус чуулганаар сургалтын байгууллагын менежмент, сэтгэлзүйн боловсрол, сургуулиудын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тухай сэдвүүдээр илтгэлийг хүргэн, тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлгийг нийт 6 сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд багш нар сурагчдын ар гэрийн хараа хяналт дутмаг, анги дүүргэлт хэт их ачаалалтай, камержуулалт дутмаг байдаг гэх мэт асуудлуудыг хэлж байлаа.

Харин эдгээр асуудлуудын шийдлийг багш нараас санал болгосон бөгөөд сурагчийн хүмүүжилд багш, сурагч, гэр бүлийн гурвалсан хариуцлага хүлээх хуулийн заалттай болох, хүүхэдгүй юм шиг ажиллуулдаг учраас хүүхдийн өрөө танхимыг тусад нь гаргах, камержуулах, анги дүүргэлтийг нэг ангид 25 хүүхдээс дээш суралцахгүй байх, багш солилцоо хийх гэх мэт шийдлүүдийг хэлж байв.

Эдгээр асуудлуудыг Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг сонсож хуулийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагааг тодруулан хэлж өгөх, зарим асуудлыг хэлтсийнхэнтэйгээ хэлэлцэж байгаад ирэх жилийн төлөвлөгөөнд тусгахаар боллоо.