Б.Бат-Эрдэнэ: Үүргээ хангалттай биелүүлээгүй албан хаагчдад арга хэмжээ авна

newslifemn 2023-09-14

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ой, усны салбарынхантай уулзалт хийлээ.
Ой модны доройтол, усны хомсдолын асуудалд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд анхаарал хандуулж мэдээлэл өгч, салбарын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай танилцан ажиллаж байгаа ч тодорхой шийдэлгүй, хариуцлага, хяналтгүй байгааг салбарын сайд онцлоод үүргээ хангалттай биелүүлээгүй албан хаагчдад арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Тухайлбал Сэлбэ, Туул голын сав газруудад зөвшөөрөлгүй мод тайрсан, бохир ус нийлүүлсэн асуудлаар өнгөрсөн 6 сард газар дээр нь ажилласан. Хуулийн хүрээнд зөрчилд хариуцлага тооцох үүргийг холбогдох төрийн албан хаагчдад өгсөн. Гэвч хангалттай арга хэмжээ аваагүй байгааг онцлов.
Ус, ойн салбарын албан хаагчидтай хийж буй уулзалтын үеэр “Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүн Б.Бямба-Очир болон бусад төлөөллүүд хуралд оролцож өөрсдийн хөндөж буй асуудлуудаа танилцууллаа.
Энэ хүрээнд мод огтлон, ус бохирдсон байршлуудад Ойн газар, Усны газрын нийт албан хаагчид биечлэн очиж харах, тодорхой арга хэмжээ авахыг салбарын сайд үүрэг болгосноор 9 сарын 13-ны Бямба гаригт Сэлбэ гол, Туул гол, Хандгайтын гол орчимд Ойн газрын 16, усны газрын 28 албан хаагч бүрэн ирцтэйгээр ажиллахаар боллоо.
Мөн 7 хоног бүрийн Лхагва гаригийн 18 цагт Усны газарт Ус, Ойн асуудлаар иргэд, олон нийт санал гомдол, мэдээллээ нээлттэй өгөх тогтмол хуваарьтай болсон. Энэ үеэр иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл ой, усны салбарын мэргэжилтнүүдээс хариулт авч болох юм байна.