Төв аймаг энэ онд 135 мянган га талбайд тариалалт хийж, 370.4 мянган тонн ургац хураан авна

newslifemn 2023-09-13

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”ийн хүрээнд Төв аймаг энэ онд 135 мянган га талбайд тариалалт хийж, 370.4 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Ургац хураалтын цаг үетэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын хамт газар тариалангийн бүс нутаг, тариалан бүхий сумдад ажиллаж байна.

Төв аймгийн Сүмбэр сум энэ онд 5643.5 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 3112 га, тосны ургамал 1076 га, ногоон тэжээл 876 га, төмс 478 га, хүнсний ногоо 101.5 га талбайд тариалсан бөгөөд ургацаа хураан авах ажил ид үргэлжилж байна. Сүмбэр сумын 7 аж ахуйн нэгж, иргэн 57.1 га талбайд жимс жимсгэнэ тариалдаг бөгөөд жилдээ 3.1 тонн ургац хураан авдаг аж.

Төв аймгийн Жаргалант суманд Жаргалант Харвест ХХК 150 га талбайд гурвалжин будаа тариалж байна. Жаргалант Харвест ХХК нь гурвалжин будааг 4 жил тариалж байгаа бөгөөд өөрийн цехэд боловсруулан гурвалжин будааны гурил, гоймон, талх зэргийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэн эхэлжээ.