Нүдээ аниад хорвоогийн өнгө будаг, амьдралын өрнөлийг харж чадах уу
Та нүдээ аниад, эсвэл нүдээ боогоод хорвоогийн өнгө будаг, амьдралын өрнөлийг харж чадах уу. Тэр харанхуй ертөнцөд хорвоог хэрхэн таньж, төсөөлөх бол. Юуг хамгийн ихээр үгүйлэх бол.
Ийм харанхуй ертөнцөд хамгийн ихээр хажуудаа байгаа хэн нэгний, тэртусмаа эцэг эхийн хайрыг хүсэх биз ээ. Харин тэр хайр хэмээх гэрэл гэгээ тасарвал харанхуй ертөнцөд хүн хэчнээн удаан тэсэж тэсвэрлэхийг хэлэх арга арга байхгүй.
“Аримун” продакшны хоёр дахь уран бүтээл “Хүний ээж” уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Тус кино нь өнөөдрийн манай нийгмийн хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлсэн асуудлын нэг болсон эцэг эхийн хайрыг мэдрээгүй, хаягдаж, тэдэнд адлагдаж байгаа үрсийн ирээдүй хойчийн өнгийг гүн гүнзгийгээр харуулж чадлаа. Аав, ээж байхын, аав ээж болохын утга учрыг сэтгэл зүрхэнд шингэтэл урлажээ.
Хайрыг мэдэрч өсөөгүй нэгэн жинхэнэ хайрыг мэдэрдэггүй
Хайрыг мэдэрч өсөөгүй нэгэн дутагдсан хайраа нөхөхийн тулд хэн нэгнийг буруугаар хайрладаг. Учир нь тэр жинхэнэ хайрыг мэдрэхгүй. Энэ дүрийг асрамжийн газрын захирлын дүр хурцаар харуулдаг. Асрамжийн газрын захирал өнчин, хараагүй охин Гэрэлд багынхаа хар бараан дурсамжийг ярихад тэрбээр түүнийг зөөлөн тэврээд Та уйлмаар байгаа бол над дээр ирээд уйлаарай. Учир нь би таныг харахгүй гэж хэлсэн нь сэтгэцийн эмгэгтэй болсон захирлын “сэрлийг” хөдөлгөдөг. Энэ цагаас хойш хараагүй охин Гэрлийг буруугаар хайрлаж эхэлнэ. Гэхдээ л Гэрлийг захирлаас өөр хэн ч хайрлаагүй болохоор охин захирлыгаа өршөөдөг.
Үйлийн үр эргэж ирдэг
Энэ киноны бас нэгэн учир зангилаа нь үйлийн үр эргэж ирдэг шүү гэдгийг тод томруунаар харуулж чадлаа. Эрүүл саруул ирсэн үрээ голж, сохор болгоод хаясан эхэд хүсэж төрүүлсэн хүүхэд нь хэвийн төрсөн ч хөгжлийн бэрхшээлтэй болж, хүний гарт амь насаа алдана. Харин ээж хилс хэргээр гүтгэгдэж 20 жилийн шоронд өнгөрөөнө. Эцэс сүүлд нь үрсээсээ хагацсан, архинд орсон нэгэн хорвоод үлдэнэ.
Хүний ээж нэрний учир…
Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод хүүхдийг аз жаргалтай, хайр энэрэл бүхий гэр бүлийн орчинд өсөн бойжих ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин үүнийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн нь шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй хэмээн заасан байдаг. Гэтэл сүүлийн үед энэхүү үүрэг журмаа уландаа гишгэсэн олон эцэг эх бий болсон нь дэндүү харамсалтай. Хорвоод ирсэн бяцхан үрс бүхэнд жинхэнэ ээж нь байгаарай. Хэзээ ч хүний ээж биш байгаарай гэсэн санааг энэ киногоор илтгэжээ.
Энэ талаар МУСТА А.Ганчимэг “Хүн энэ хорвоод төрөөд аз жаргалтай сайхан амьдрахын төлөө бид цэцэг цэврүү шиг хүүхдүүдийг хорвоо дэлхий дээр авчирдаг. Тэгэхээр хүүхдүүдийнхээ төлөө, үнэн сайхан аав, ээж байхын төлөө, энэ ертөнцөд амьдарч байгаа учир бүх хүн ижил хайраар хайрлагдаж байгаасай, хэн ч хайраас холуур битгий байгаасай гэж кино зохиолоо бичсэн” гэсэн юм.
Харин МУГЖ Ганцэцэг “Бид анх удаа төрж байгаа алхам алхамаар суралцаж байгаа гэхдээ хэн нэгэндээ хүний ээж шиг байхгүй юмсан. Бусдын хүүхдэд ч гэсэн өөрийнх нь ээж шиг байх юмсан гэж хүсч энэ бүтээлээ хийлээ. Энэхүү киногоо найруулахад хүнд байсан зүйл гэвэл Нэгдүгээрт би эмэгтэй хүн, хоёрдугаарт манай гол дүр эрэгтэй төдийгүй сэтгэцийн жаахан өөрчлөлттэй багаасаа хайр дүүрэн өсөөгүй хайр дутуу өссөн учраас тэр дүрийг бүтээхэд их хэцүү тэр дүрийн дотоод ертөнцийг мэдрэх хэцүү байлаа. Энэ хэцүү байсан зүйлийг маань манай жүжигчин Дэлгэрбаяр өөрийн ур чадвараараа мөн маш их гүн бодож бясалгаж чаддаг тэр дотоод сэтгэлийн хүчээрээ үнэхээр гайхалтай гаргасан” гэлээ.
0 cэтгэгдэлтэй