Хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар нийслэлийн ИТХ-аар хэлэлцлээ.
Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна. Өнөөдрийн байдлаар хязгаарыг давсан 88 хэсгийн 733 га талбай байгаа аж. Мөн одоо байгаа барилгаас гадна 4560 барилга архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан нь нягтаршлыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хамгийн их нягтаршил Яармаг орчимд үүсэж байна” хэмээн танилцууллаа.
Нягтаршил байх ёстой хэмжээнээс давсан дээрх газруудад инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 онд гарсан. Уг шийдвэрийг хот байгуулалт, газрын харилцааны үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар уг байршлуудад газар өмчлөх, ашиглах эрх олгохгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах, өөрчлөлт явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргах шаардлагатай байгаа талаар онцоллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид зөвшөөрөл өгөхдөө орон нутгаас асуудаг болох, захын дүүргүүдийн нягтралыг анхаарч ажлын зураг гаргах, ажлын байраар нягтралыг тооцож, нэр томьёонд анхаарах шаардлагатай талаар саналаа хэллээ. Мөн уг тогтоол гарснаар зөвшөөрөл, ашиглалтын төлөвлөлтийн даалгавраа авчихсан, зураг төслөө гаргасан иргэн, ААН-ийн ажил зогсох эрсдэлээс сэргийлж, иргэд, ААН-ээ хохироохгүй байхад анхаарч ажиллах талаар Хот байгуулалтын хөгжлийн газарт санууллаа.
Ийнхүү “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасны дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохыг хязгаарлалаа.
Товчхон:
-Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрыг байршлыг нэмэгдүүлж, 203 байршлын 164,61 га талбай, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430,4 га талбайг шинэчлэн баталлаа.
-Нийслэл хотын нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг 47 байршлын 7,86 га газраар нэмж, журмыг шинэчиллээ
-Орон нутгийн тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт орууллаа
-Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоолоо.
-Нийслэлийн ойн санд ойн цэвэрлэгээг 190 га талбайд хийж, 4200 метр/куб мод бэлтгэхээр боллоо. Энэ хүрээнд түймэр, хортон шавжид нэрвэгдсэн унанги модыг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлж, модны чанарыг муудахаас өмнө авч хэрэглэх саналыг Нийслэлийн байгаль орчны газраас гаргалаа. Цэвэрлэгээг нийслэлд Майхан толгойн ам, Ухнын ам, Хандгайтын ам, Шар хоолойн ам, Их Хуандайн амд хийхээр төлөвлөсөн байна.
-3 байгууллага, 1007 иргэнийг Төрийн шагналд тодорхойлж уламжиллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
0 cэтгэгдэлтэй