ХӨСҮТ: Гар, хөл, амны өвчин болон салхин цэцгийн тохиолдол нэмэгдэж байна

newslifemn 2023-05-26

ХӨСҮТ: Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гар, хөл, амны өвчин болон салхин цэцгийн тохиолдол нэмэгдэж байна.  Тодруулбал, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 4,414 салхин цэцэг өвчний тохиолдол бүртгэгджээ. Харин гар, хөл, амны өвчний 1,279 тохиолдол байгаа юм. 

Вирусээр үүсгэгдэж байгаа салхин цэцэг болон гар, хөл, амны өвчний 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр гэрийн хяналтад эмчлэгдэж байгаа бол 10-15 хувь нь хүндэрсэн.

Гар, хөл, амны өвчин болон салхин цэцэг нь амьсгалын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Өөрөөр хэлбэл, агаар дусал болон ахуй хавьтлын замаар дамжин халдварладаг.

  • Салхин цэцэг өвчний нууц үеийн хугацаа 10-21 хоногийн урттай байдаг. 
  • Гар, хөл, амны өвчний нууц үеийн хугацаа дунжаар 3-4 хоног байдаг.

Халуурах, биеэр тууралт гарах, ядарч тамирдах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг.

Гар, хөл, амны өвчин 0-4 нас, салхин цэцэг 5-9 насны хүүхдүүдийн дунд хамгийн их бүртгэгдэж байгаа. Вирусээр үүсгэгддэг цэврүүтэй, халууралттай халдварт өвчин учраас асаргаа, сувилгаа чухал. 

Иймд:

  • Хүүхдийг өдөр бүр усанд оруулах
  • Бага насны хүүхдийг хумсыг нь авах, биеийг нь маажуулахгүй байх
  • Гарын эрүүл ахуй сахих
  • Бүлээн шингэн зүйл ойрхон уух,
  • Дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх 
  • Шүдний сойз, уруулын будаг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Салхин цэцэг болон гар, хөл, амны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол гараа угаах шаардлагатай” хэмээн зөвлөлөө.