“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хаврын аян 5 дугаар сарын 11-19-нд үргэлжилж байна. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд Ойн газраас 23300 ширхэг тарьц, суулгацыг заасан найман байршилд олгох юм. Мод тарих үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй бөгөөд тухайн байршлуудад зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг БОАЖЯ-наас уриалж байна.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалдаг.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ойн газар, Аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ ажилд зохион байгуулагчаар ажиллаж байна.
Энэ жилийн мод тарих үндэсний өдрийг нийслэлийн хэмжээнд “Ногоон хот-иргэний оролцоо” уриатай зохион байгуулна. 2023 оны 05 сарын 11-нээс 19-ны өдрүүдэд 11:40-13:40, 13:00-14:30, 14:00-16:00 цагуудад нийт 312 байгууллага мод тарихаар одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлээд байна.
Мод тарих байршил:
1.Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”.
2.Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
3.Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
4.Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
5.Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
6.Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.
7.Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай.
8.Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар”
Эдгээр өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 10 хувьд ногоон байгууламж бий болгохыг зохион байгуулагчид уриалж байна.
0 cэтгэгдэлтэй