Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл өгөв.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байна. Төрийн алба хуулиа ягштал биелүүлж, төрийн албыг сулруулж буй зарим үйлдлийг таслан зогсоох нь шүүр ажиллагааны үндсэн зорилго юм. Өнөөдөр төсвөөс цалинжиж, төрд ажиллаж байгаа 225 мянга гаруй албан хаагч байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн компаниудад 75 мянга орчим хүн ажиллаж байна. Өнөөдөр 5000 орчим хүн тэтгэвэр авахын зэрэгцээ төрийн албанд ажиллаж байна. Гэхдээ хөдөө орон нутагт боловсон хүчний нөөц хомсдолтой нөхцөл байдлын улмаас аргагүйн эрхэнд ажиллуулж байгаа тал бий. Үүний хажуугаар онцын шаардлагагүй орон тоон дээр төрөөс давхар цалинжиж байгаа зааг ялгааг нь цэгцэлнэ. Иймд энэ тал дээр ажиллаж, хуулийн зохицуулалтыг хийх нь зүйтэй юм.
Монгол Улсын Засгийн газраас хууль зөрчиж томилогдсон мэргэжлийн бус төрийн албан хаагчдыг чөлөөлж, төрийн албыг цэвэрлэх ажиллагааг урьтал болгож байна. Сонгуулийн үр дүн яаж ч гарсан төрийн алба баталгаатай мерит байх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн алба төрийн бодлогыг ард иргэдэд хүргэдэг байх үндсэн үүргээ бүрэн төгс хэрэгжүүлдэг байх ёстой.
Шүүр ажиллагаатай холбоотойгоор 6.000-8.000 албан хаагчийн асуудал хөндөгдөж байна. Цар тахлын хуулийн хэрэгжилт энэ оны нэгдүгээр сарын нэгнээс зогссон. Ингэснээр төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын 2000 орчим албан тушаалтан, албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ эдгээр албан хаагчид Төрийн албаны шалгалт болон бусад шаардлагатай шалгалтад хамрагдсаны үндсэн дээр эргэн жинхлэх боломжтой.
Өнөөдрийн байдлаар шүүр ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа мэдээлэл ирсэн. Төрийн байгууллагууд, шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнууд өнөөдөртөө багтаж бүх мэдээллээ нэгтгээд дөрөвдүгээр сарын 10-ны дотор ЗГХЭГ-т албан бичгээр мэдээллээ өгөх ёстой.
Төрийн албаны хуулиар төрийн албанд ажиллаж байгаа хүнийг чөлөөлөхдөө нэг сарын өмнө мэдэгдэл өгч, чөлөөлөх хуулийн зохицуулалттай. Гэтэл өнөөдөр ЗГХЭГ-ын даргын гарын үсэгтэй албан бичгийг үндэслэж, шууд ажлаас чөлөөлж, зориудаар төрийн албаны хуульд зөрчил үүсгэж, шүүх хяналтын байгууллага дээр очиж асуудлыг шийдвэрлүүлэх сонирхлыг бий болгож байгаа зүйл ажиглагдаж байна.
Бидний өгсөн үүрэг чиглэл бол дөрөвдүгээр сарын 6-нд багтаад ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл ирүүлэх үүрэг өгсөн. Нэг ёсондоо энэ хугацаанд багтаж төрийн албанаас чөлөөлж буй хүмүүст мэдэгдлийг нь өгсөн байх ёстой гэв.
0 cэтгэгдэлтэй