Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд “ЖОРЛОН” Үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Тус чуулганаар аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлохыг зорьж байна.
Иргэдийн эрүүл мэндэд агаарын бохирдлоос ч дутуугүй сөрөг нөлөө үзүүлж байдаг бохирдол нь хөрсний бохирдол юм. Утаа шиг манантаж харагдахгүй ч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хөрс, гүний усыг бохирдуулсаар байна.
Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлын энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд хийгдсэн судалгаагаар 88 хувьд нь нянгийн бохирдол илэрсэн байна. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны судалгааны дүнгээс үзэхэд нийслэлийн хэмжээнд цусан суулга өвчлөл ихсэх хандлагатай байгаа ба бүртгэгдсэн цусан суулга өвчний халдварын 9.9хувь өвчтөнөөс, 90.1 хувь тодорхойгүй байгаа ба хөрс орчны бохирдолтой холбон үзсэн байна.
Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор “2023, 2024, 2025 оныг Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдын ая тухтай аялах нөхцөлөөр хангах томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудлын нэг нь ая тухтай, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн асуудал байдаг тул нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын баазуудад нүхэн жорлон ашиглахыг хориглох, аялал жуулчлалын гол чиглэлийн автозам дагууд нийт 39 байршилд хоорондоо 200-250 км тутамд нийтийн ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний цогцолборуудыг олноор байгуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн БОАЖЯ-аас “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 02, 03, 04 дугаартай албан даалгавруудыг гаргаж нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Усны сав газрын захиргаадад хүргүүлж бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол хийх, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, шаардлага хангахгүй нүхэн жорлонг буулгах ажлуудыг хэрэгжүүлж эхлүүлээд байна.
Дээрх албан даалгаврын хүрээнд аялал жуулчлалын бүсэд байгаа 2023 оны 03 дугаар сарын 28-ны байдлаар 21 аймгийн стандартын бус 909 жорлонг буулгасан байна. Цаашид үргэлжлүүлэн 982 нүхэн жорлонг буулгахаар төлөвлөөд байна.
Тус чуулганыг зохион байгуулснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Ус сувгийн удирдах газрын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд суурилсан цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлсон, байгальд ээлтэй, техник технологийн тэргүүн туршлага,мэдээлэл солилцсон, хэлэлцүүлэг өрнөсөн, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн холбогдолтой арга хэмжээ болж байна.
0 cэтгэгдэлтэй