ӨМНӨГОВЬ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН 34.7 ХУВЬ НЬ ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЖЭЭ

newslifemn 7 цагийн өмнө

Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед иргэдийн хувийн мэдээлэл, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал анхаарал татаж байна.

2026 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 49,944 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 14,800 буюу 29.6 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.

Харин Өмнөговь аймгийн хэмжээнд энэ хугацаанд бүртгэгдсэн 1,139 гэмт хэргийн 396 буюу 34.7 хувь нь цахим орчинд үйлдэгдэж, иргэдэд нийт 811,932,530 төгрөгийн хохирол учирчээ.

Цагдаагийн байгууллагын мөрдөгчийн мэдэгдэлд дурдсанаар, гадаад улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдээс Монгол Улсын иргэд рүү чиглэсэн фишинг халдлага нэмэгдэж, банкны мэдээлэл хулгайлах, хуурамч холбоосоор дамжуулан залилан үйлдэх зэрэг арга хэлбэр улам нарийсч байна.

Мөн цагдаагийн байгууллага Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судалгааны хүрээлэнтэй хамтран хийсэн тооцооллоор цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг 2030 он гэхэд 30,000-д хүрч, одоогийнхоос хоёр дахин орчим нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Иймд иргэдийг цахим орчинд үл таних этгээдээс ирүүлсэн холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх, хэт өндөр ашиг амласан хөрөнгө оруулалт болон сугалааны зар мэдээллийг нягталж шалгахыг анхааруулж байна.

Цахим залилангийн гэмт хэрэгт өртсөн болон сэжигтэй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.