ЭЗБХ: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛД 92.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

newslifemn 2 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.10.01/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
 Үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалахын тулд зарим стратегийн хүнсний бүтээгдэхүүний нөөц хангамжийг нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгагдсан байна. Мөн импортын эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа учраас хэрэглэгчдэд огцом ачаалал үүсгэхгүйн тулд эрчим хүчний салбарт 107,4 тэрбум төгрөгийн татаас хуваарилахаас гадна цахилгаан станцууд болон түгээх сүлжээнд зайлшгүй шаардлагатай 92,7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхээр төлөвлөжээ.
 Төрийн цэргийн болон, тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллагуудын томилолт, шатахуун, тоног төхөөрөмж худалдан авах гэх мэт тэвчиж болох урсгал зардлаас 1,4 их наяд төгрөг хэмнэн цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэхэд зарцуулахаар тооцжээ.
 Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг зүйл тус бүрээр хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүллээ.