Оросын байт харвааны холбооны ерөнхийлөгч, ЗХУ-ын гавьяат спортын мастер, ОХУ-ын Биеийн тамирын гавьяат ажилтан Владимир Ешеевийн нэрэмжит байт харвааны нээлттэй тэмцээн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар Чита хотод зохион байгуулагдлаа.
Азербайжан, Армени, Беларусь, Вьетнам, Казахстан, Румын, Мексик, Серби, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Швейцарь, Солонгос, Монгол, Киргизстан, Хятад, Латви зэрэг 17 орны 500 гаруй байт харваачид тус тэмцээнд өрсөлдсөн юм. Дөрвөн хоног үргэлжилсэн тус тэмцээний хүрээнд байт харвааны хөгжил, тамирчид, дасгалжуулагчдын мэргэжлийн сургалтын талаар олон улсын шинжлэх ухаан, практикийн бага хурал болсон байна.
Өвөрбайгалийн хязгаарын захирагч Александр Осипов тэмцээнийг нээж хэлэхдээ, “Олон зууны түүхтэй байт харваатай салшгүй холбоотой эртний нутагт ирсэнд талархаж байна. Владимир Ешеев энэ спортыг зөвхөн Орос улсад төдийгүй дэлхий даяар хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Өвөрбайгалийн оршин суугчдын хувьд энэ тэмцээн онцгой юм. Олимпийн медальт, дэлхийн аварга хүний нэрээр нэрлэгдсэн нь манай бүс нутагт олон улсын алдар нэрийг авчирсан. Тиймээс Өвөрбайгалийн бүсээс 300 гаруй оролцогч шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Оросыг төлөөлөн оролцож байна. Оросын болон бусад улс орон, бүс нутгаас ирсэн хүндэт зочдоо угтан авч байгаадаа би маш их баяртай байна” гэжээ.
Монголын Оюутны Байт Харвааны шигшээ багийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасанжаргал “Гурван тамирчин, нэг дасгалжуулагчаас бүрдсэн манай баг Чита хотод анх удаа ийм нэр хүндтэй тэмцээнд оролцож байна. Бид энд байгаадаа баяртай байна. Бидэнд бүх зүйл таалагдаж байна. Уламжлалт байт харваа Монголд өндөр хөгжсөн боловч ердөө 400 орчим мэргэжлийн тамирчин байдаг. Бид тэмцээндээ амжилттай оролцож, оросын тамирчид болон бусад орны оролцогчдоос суралцахыг эрмэлздэг” гэсэн байна.
Тус тэмцээнд оролцсон олон улсын багийн төлөөллүүд “Ийм тэмцээнүүд нь зөвхөн байт харваа төдийгүй олон улсын найз нөхөдтэй болох, мэргэжлийн хувьд өсөж хөгжих, шаардлагатай бол тусламж үзүүлэх сайхан боломжийг нээж өгдөг гэдгийг онцолсон байна. Тухайлбал, Киргизийн байт харваачид Арменийн тамирчин Александр Ховсепянд тусалжээ. Тэмцээний үеэр байт харваачийн шуунд зүүдэг хамгаалалтын хэрэгсэл нь хугарсан ч Киргизийн баг түүнд өөрсдийнхийгөө өгсөн тул тэрээр тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой болсон байна.
Энэ удаагийн тэмцээн нь Александрын Читад оролцож буй гурав дахь удаагийн айлчлал бөгөөд тэрээр “Энд бүх зүйл үнэхээр гоё, хүн бүр маш найрсаг хандаж байна. Өвөрбайгалийн алдарт тамирчин Владимир Ешеевийн нэрэмжит энэхүү тэмцээн нь бусад өрсөлдөгчдөөсөө байт харвааны техникийг сурах боломж. Мөн энд бусад орны найз нөхөдтэй ч болдог сайхан цаг мөч. Тийм ч учраас улс төр спортод саад учруулах ёсгүй. Энд таны үндэс угсаа хамаагүй, та зөвхөн тамирчин байх нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хятадын байт харваач Ли Бо хэлэхдээ “Би өмнө нь Казань, Санкт-Петербургт зочилж, тэмцээнэ уралдаанд өрсөлдөж байсан. Оросын тамирчид ч мөн адил Хятадад очиж, тэмцээн уралдаанд оролцдог. Олон улсын тэмцээнд оролцох нь харилцан туршлага солилцох, мэргэжлийн хувьд өсөх боломжийг олгодог” гэсэн байна.
Азербайжаны байт харваач Лала Абдурахманова сэтгэгдлээ хуваалцахдаа “Цаг агаар хүйтэн байгаа ч гэсэн танай хүмүүс маш дулаахан, зочломтгой сайхан байна” гэжээ.
Оросын тамирчдыг олон улсын тэмцээнээс хасах оролдлогын талаарх асуултад Лала Абдурахманова хариулахдаа: “Спорт улс төрөөс гадуур байх ёстой; энэ нь арьсны өнгө, гарал үүслээс үл хамааран хүмүүсийг нэгтгэх зорилготой” гэж тайлбарласан байна.

0 cэтгэгдэлтэй