
2025 оны 9-р сарын 3-ны өдөр милитарист Япон улсыг ялж, Дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэхүү аймшигт цуст дайны эцсийн байлдаан нь Манжуурын стратегийн довтолгооны ажиллагаа буюу Чөлөөлөх дайн байв. Тус ажиллагааны хүрээнд Улаан Армийн болон Монголын Ардын Хувьсгалт Цэргийн анги нэгтгэлүүд мөр зэрэгцэн тулалдаж, Зүүн Хойд Хятад болон Өвөр Монголд Японы Квантуны армийг аянга мэт ниргэн бут цохижээ.
Элчин сайдын яаманд болсон албан ёсны хүлээн авалтад Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа генерал С.Ю.Истраков, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон тус улсын Зэвсэгт хүчний бусад төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүд, яам тамгын газруудын албан хаагчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Оросын эх орон нэгтнүүд, Дипломат корпусын төлөөлөгчид болон сэтгүүлчид оролцов.
Хүлээн авалтын хамгийн хүндэт зочноор Аугаа их Эх орны дайны үеэр Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Монголын ард түмнээс Зөвлөлтийн дайчдад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг фронтын шугамд хүргэн өгч байсан энгийн монгол бүсгүй буюу домогт «Фронт» Цэгмид гуай оролцлоо.
Арга хэмжээг нээж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков хэлсэн үгэндээ:
«Одоогоос яг 80 жилийн өмнө Япон улс бууж өгснөөр дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсөн билээ. Тус дайны эцсийн бөгөөд шийдвэрлэх ажиллагаа бол Зөвлөлт-Японы хурдацтай дайн байсан бөгөөд үүний үр дүнд Япон болон түүний холбоотнууд болох Маньжго болон Мэнцзяны цэргийг бут цохижээ. Монгол ардын хувьсгалт армийн дайчид Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж байв. Манай хоёр орны тусгаар тогтнол, бие даан хөгжих эрхийг хамгаалж, Зөвлөлт, Монголын ард түмнүүдийн дайчин нөхөрлөлийг цусаар гагнасан хүмүүсийн дурсгалд өнөөдөр хүндэтгэл үзүүлье» гэлээ.
Мөн түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэхдээ: “ХХ дугаар зууны түүхэнд Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армитай мөр зэрэгцэн хоёр удаагийн дайнд оролцож, түүхэн ялалт байгуулсны нэг нь 1945 оны Чөлөөлөх дайн юм аа. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн шатанд Квантуны армийг асар богино хугацаанд сүйрүүлж, Сахалин, Курилын арлуудад байсан Японы цэргийг бут ниргэж, Манчжуур, Солонгост байсан Японы эдийн засгийн баазыг нураахад ЗХУ гол үүрэг гүйцэтгэснийг хүн төрөлхтөн мартах ёсгүй” гэжээ.
Хүлээн авалтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түүхийн ой санамжийн үндэсний төвөөс Дэлхийн 2-р дайны Алс Дорнод дахь фронт дээр байгуулсан ялалтын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
0 cэтгэгдэлтэй