
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Монгол Улсын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 7.2.7 дахь заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд оюутан залуучуудад хууль эрх зүйн мэдлэг олгох, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулах зорилго бүхий сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалт нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, коллеж, их, дээд сургуулиудын оюутнуудыг хамрах төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн сургалтад Техник технологийн коллежийн оюутнууд хамрагдсан юм.
Сургалтын үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний хор уршиг, эрсдэл, түүнээс үүдэлтэй хууль эрх зүйн хариуцлага зэрэг чухал сэдвүүдийг онцлон танилцуулсан бөгөөд оролцогчдод бодит жишээ, зөв мэдээлэл хүргэн, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг олгоход чиглэгдсэн байлаа.
Тус үйл ажиллагааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дүүргийн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын хэлтэс болон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм.
Сургалт нь “Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор явагдаж, оюутан залуусын дунд эерэг хандлага, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх, хууль дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
0 cэтгэгдэлтэй