Орос хэлний олон улсын өдрийг тэмдэглэлээ

newslifemn 2025-06-6

Дэлхийн тэргүүлэх таван хэлний нэгэнд орос хэл ордог. НҮБ-ын албан ёсны хэлнүүдийн нэг орос хэлийг соёл, шинжлэх ухааны хэл ч гэдэг.

Учир нь энэ хэлийг их найрагч Александр Сергеевич Пушкин, дэлхийн сонгодог зохиолын тэргүүлэгч нар болох Иван Сергеевич Тургенев, Фёдор Михаилович Достоевский, Лев Толстой нарын уран бүтээлээр төлөөлүүлэн дэлхийн утга зохиолын хэл ч гэдэг. Тиймээс дэлхийн олон оронд Орос хэлний олон улсын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр Оросын аугаа их яруу найрагч А.С.Пушкиний төрсөн өдөр болдог юм.

Орос хэлний олон улсын өдрийг өнөөдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Улаанбаатар хот дахь Русский дом-д зохион байгуулав. Үйл ажиллагаанд Монголын зохиолч, оруулагч, нийтлэгч, хэл судлаач, багш, оюутнууд зэрэг соёл урлаг, боловсролын төлөөлөл, ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.

Энэ өдөр Орос хэлийг сурталчлахад хувь нэмрээ оруулсан оюутан Б.Анарыг Оросын хамтын ажиллагааны “Нөхөрлөл, хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнав.

Мөн олон арван жил ажиллаж буй орос хэлний багш Ц.Хонгорзул, Е.М.Соболева, А.С.Пушкиний нэрэмжит “Бяцхан Пушкин” зохион бичлэгийн захидлын уралдаанд түрүүлсэн Өвөрхангай аймгийн I  сургуулийн сурагч Баяртогтох, Төв аймгийн Бүрэн сумын сурагч Эрдэнэбаатар, нийслэлийн 84 дүгээр сургуулийн сурагч Ж.Энхтуяа, “Боловсрол” сургуулийн сурагч Б.Урангоо нарын шагналыг гардуулав.

Мөн өдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаа болон хуучнаар ЗХУ-д суралцсан, Уралын их сургуулийн төгсөгч А.С.Пушкины нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, доктор, профессор Ц.Магсар нарын эх хэлнээ буулгасан А.С.Пушкиний шүлгүүдийн номыг дэлгэсэн юм.