Амьд явах эрх, Аюулгүй зорчих орчинг бий болгох чиглэлд хамтран ажиллана

newslifemn 2025-02-7

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Дэлгэрсайхантай уулзлаа. Энэ үеэр цахим орчинд тархаад буй зарим хар мэдээллийн талаар асуусан юм. Тухайлбал, явган хүний гарцан дээр хүүхэд мөргүүлж амь насаа алдлаа гэсэн мэдээллийн талаар тодруулсан юм. Тус мэдээний хувьд хүүхэд бус насанд хүрсэн 2 хүн мөргүүлж, нэг нь гэмтсэн хэрэг явдал болжээ. Гэвч хүүхэд, том хүн ялгаагүй монгол хүний амь нас, эрүүл мэнд юунаас ч илүү үнэ цэнэтэй талаар санууллаа.
Явган зорчигчийн ногоон гэрэл нь баруун чигт эргэх туслах гэрэлтэй хамт асдаг уулзварууд дээр хүүхэд мөргүүлж, бэртэх эрсдэл, магадлал өндөр байдаг гэнэ. Ялангуяа өвлийн цагт малгай, ороолттой яваа хүүхдүүдийн хажуугийн үзэгдэх орчин хязгаарлагдмал байдгийн улмаас авто машинд мөргүүлж бэртэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс Улаанбаатар хотын нийт уулзваруудаас хамгийн эрсдэл өндөртэй, гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг хэсгүүдийн судалгааг гаргаж цаашид иргэд хохирохгүй байх шийдэл гаргаж, эргэж танилцуулахаар боллоо.
Түүнчлэн “Замын цагдаа”-д ажиллаж буй 1200 орчим алба хаагчдын эрүүл мэнд, ажиллах нөхцөлд анхаарах, эрхийг нь хангах үүднээс УИХ дахь Хүний эрхийн дэд хороо бодлогын дэмжлэг хэрхэн үзүүлэх талаар ярилцлаа.
Мөн цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, иргэний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхээ эдлэхэд нь Хүний эрхийн дэд хорооны зүгээс хамтран ажиллахаар болов.