Зам тээврийн яам: 2024 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ

newslifemn 2024-12-25

ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Монгол Улсын Зам тээврийн яам 2024 онд хийж, хэрэгжүүлсэн онцлох 10 ажлаа тодотгон нэрлэж байна. 2024 он бидний хувьд хөгжлийн ололт амжилтуудаа бататгасан, хамтын хүчээр урагш ахисан, Монгол Улсын зам тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан, бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн, салбарын тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэсэн онцлох жил байлаа. Цаашид бид Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, улс эх орны эдийн засгийг дэмжсэн, Монголын ард иргэдийнхээ эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцүүлсэн, олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтээн байгуулалтын олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Зам, тээврийн салбарыг дэмжин ажилласан, гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн түншлэгч байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлэхийн сацуу ирэх он жилүүдэд ч бас тээврийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд хамтдаа хүчин зүтгэж, хамтдаа хөгжихийг хүсэж байна. Зам тээврийн яам онцлох 10 ажлаа танилцуулж байна.

ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, ХангиМандал боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг тэргүүлэх 14 мега төслийн нэг болгон зарласан. Зам, тээврийн яам 2024 онд “Гашуунсухайт-Ганцмод” хилийн боомтын төмөр замын хил холболтын гүүрэн байгууламжийг хамтран барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Уг асуудлыг 2008 онд анх хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 02-нд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ань Лушен нар гарын үсэг зурж баталгаажуулан уг ажлыг эрчимжүүлэв.

“Шивээхүрэн-Сэхээ” боомтын хил дамнасан төмөр замын Монголын нутаг дэвсгэр дээрх хэсгийг ашиглалтад хүлээн авлаа. Эдгээр хил холболтын төмөр замын төслүүд хэрэгжсэнээр экспортын хүчин чадал 2028 онд +35 сая тонноор, 2030 оноос +80 сая тонноор нэмэгдэх бөгөөд экспортын орлого 2028 оноос 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө 1.1 нэгж хувь болох юм. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлснээр экспортын хэмжээг нэмэгдүүлж, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх юм.

2024 онд мөн “Замын-Үүд-Эрээн” боомтын нарийн царигийн өртөөг өргөтгөж, хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв. Замын-Үүдийн нарийн царигийн өртөөг өргөтгөж, чингэлгийн талбайг шинээр байгуулан хилийн хоёр дахь гол замыг холбосноор ачаа боловсруулах хүчин чадал хоногт 419 вагон байсан бол 622 болон нэмэгдэж, нарийн царигаар хүлээн авах галт тэрэг солилцоо хоногт 8 байсан бол 12 хүртэлх галт тэрэг солилцох боломж бүрдэж, импортын ачаа тээвэрлэлт хурдан шуурхай болно.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ХӨГЖИВ

2024 онд Зам, тээврийн яам “Олон улсын авто тээврийн харилцааны тухай”, “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай” хэлэлцээрийг Герман, Словак, Узбекистан, Туркменистан улстай, “Агаарын харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ИБУИНХУ, Унгар, Латви, Узбекистан, Туркменистан зэрэг улсуудтай байгуулснаар автотээврийн 20, агаарын харилцааны 47, нийт 67 хэлэлцээр хүчин төгөлдөр болж, улсын эдийн засагт эерэг үр дүн гарах үндэс суурь бүрдлээ. Ингэснээр олон улсын хэмжээнд худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг талууд нэгдсэн зохицуулалтаар хэрэгжүүлэх эрх зүйн орчин улам бүр сайжирсаар байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Туркменистан Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫГ САЙЖРУУЛЛАА

2024 он агаарын тээврийн салбарт үйлчилгээний олон улсын чанар, стандартыг хангасан онцлох жил боллоо. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал Монголын иргэний нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” батламж гэрчилгээг гардан авлаа. Их Британийн Лондон хотод төвтэй тус байгууллага нь нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээ 1-5 оноогоор үнэлдэг. Энэ дагуу “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, цэвэр цэмцгэр байдал, орчны тохижилт, цахим хуудсын ажиллагаа, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт бүрээр үнэлжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь “4 од” зэрэглэл авсан ч зарим үйлчилгээ нь таван онооны шалгуур хангасныг онцолж байв. Тухайлбал, хилийн шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлын үзлэг, зорчигчийн хүлээх хугацаа, зарлан мэдээлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, AED төхөөрөмж байршуулалт, тав тухтай байдал, агааржуулалт, цэвэр цэмцгэр орчин, ариун цэврийн өрөө, байгууламжийн стандарт зэрэг нь таван онооны шалгуурыг хангасан байна. Үүнээс гадна “Скайтракс” олон улсын байгууллагаас нисэх буудлын угтаж авахаас үдэн гаргах хүртэлх бүх шатны ажилтнуудын харилцаа хандлагыг мэргэжлийн өндөр түвшинд байгааг онцолж, “Чингис хаан” нисэх буудлыг цомхон бөгөөд чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна хэмээн дүгнэжээ. Дэлхийд дөрвөн одны зэрэглэлтэй 22, таван одны зэрэглэлтэй 89 нисэх буудал байдаг тул тэдгээр дэлхийн шилдэг 111 буудлын нэг нь “Чингис хаан” нисэх буудал болж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсыг дотоод болон гадаадтай холбох агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2024 онд түүхэндээ хамгийн олон буюу хоёр сая гаруй зорчигчид үйлчилсэн түүхэн амжилтыг хамтдаа бүтээлээ. Түүнчлэн үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмээр агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг гэрчилгээжүүлэх аудит шалгалтад амжилттай тэнцэж, “МИАТ” ТӨХК нь АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч боллоо. АНУ-ын удирдах газраар гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага болсон нь “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг тэлж, АНУ-ын зах зээлд гарах, гуравдагч этгээдийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрээс олох орлого нэмэгдүүлэх зэрэг боломжуудыг бодитоор олгож байгаа болно.

Мөн “МИАТ” ТӨХК нь Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO ээлжит аудит шалгалтад зохион байгуулалт, удирдлага, агаарын хөлгийн ачаалалт, төвлөрөлт, зорчигч болон тээшний үйлчилгээ, ачаа шуудангийн үйлчилгээ, агаарын хөлгийн газрын үйлчилгээ, зохицуулалт ба ачилт гэсэн үндсэн 6 чиглэлээр нийт 299 стандарт, 560 дэд стандартын дагуу 100 хувийн үнэлгээтэй шалгагдаж олон улсын стандарт, дүрэм, журамд нийцсэн аюулгүй ажиллагаатай тээвэрлэгч болохоо баталгаажуулсан бол хоёр жил тутам хийгддэг ээлжит аюулгүй ажиллагааны “IOSA” аудит шалгалтаар амжилттай шалгуулж, нислэгийн аюулгүй байдал, дотоод хяналт, чанарын удирдлагын тогтолцоогоор олон улсын жишигт хүрсэн, стандарт хангасан компани болохоо дахин баталгаажууллаа. 2024 онд “МИАТ” ТӨХК нь олон улсын нислэгт зориулан хоёр дахь BOEING 787-9 DREAMLAINER агаарын хөлгөө, орон нутгийн нислэгт зориулан Канад улсад үйлдвэрлэгдсэн BOMBARDIER CRJ700 загварын “Мазаалай” нэрт агаарын хөлгөө хүлээн авч түүхэндээ анх удаа жилд нэг сая дахь зорчигчоо тээвэрлэсэн амжилтыг үзүүллээ

МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨВ КОРИДОРЫГ ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭХ ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ГУРВАН ТАЛ БОЛОВСРУУЛЖ ДУУСГАЛАА

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо гурван улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар батласан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-ОросХятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг судлах хамтарсан Ажлын хэсгийн гуравдугаар хуралдааны протоколоор гадаад худалдааны ачаа тээврийн тоо хэмжээний таамаглалыг 2025-2050 онуудаар, ТЭЗҮ боловсруулах нэгдсэн төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах Техникийн ерөнхий даалгаврыг тус тус батлуулсны дагуу “Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Орос, Хятадын талууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгуулагдах төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгалаа. Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридор нь 5975 км үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын талаас ЖининьЭрээн чиглэлийн 328 км, ОХУ-ын талаас Наушки-Улаан-Үд чиглэлийн 254 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа бол Монголын талаас Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн 1087 км хоёр дахь төмөр замыг барихаар ТЭЗҮ-дээ тусгасан. Урьдчилсан тооцоогоор 2030 он гэхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлд 58.6 сая тонн, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд 64.3 сая тонн ачаа тээвэрлэх хэрэгцээ үүсэхээр байна. Энэ өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах зорилгоор хос зам барьж, өртөө хоорондын зайг 20 км болгон өртөө, зөрлөгийн тоог цөөлж, автомат хориглолын системийг нэвтрүүлж, нийт замыг цахилгаанжуулснаар 2030 он гэхэд Сүхбаатар-Замын-Үүд чиглэлд жилдээ 50.6 сая тонн, 2050 он гэхэд жилдээ 90.7 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай болно гэж тооцоолж байна. Төслийн хүрээнд Замын-Үүд өртөөний шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх юм. Мөн Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын Тээврийн дэд сайд нарын түвшний уулзалтыг 2024 оны долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж, Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-4 коридорын дагуух олон улсын тээвэрлэлтийг албан ёсоор эхлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 гэсэн 2 коридороор олон улсын автотээвэрлэлт хийгддэг боллоо.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИК, ХӨДЛӨХ 5 БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2024 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн багц төслийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий SD70Ace/LW серийн 16 ширхэг гол замын зүтгүүрийг Монгол Улсад хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж эхэллээ. Мөн МонголОросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажлын хүрээнд оросын талаас 2ТЭ25КМ серийн таван ширхэг гол замын өндөр хүчин чадалтай зүтгүүрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өглөө. Эдгээр зүтгүүр нь хүчин чадлын хувьд өмнө ашиглагдаж буй зүтгүүрүүдээс хоёр дахин илүү бөгөөд Монгол орны нөхцөлд туршигдсан ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат ухаалаг хяналтын системтэй зүтгүүр юм. Ингэснээр Монгол Улсын төмөр замын зүтгүүрийн парк өндөр хүчин чадлын 21 зүтгүүрээр нэмэгдэж, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 208 зүтгүүртэй боллоо.

Мөн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гашуунсухайт өртөөнд жилд дунджаар 1800 вагон засварлах хүчин чадал бүхий 3852 м2 ашигтай талбайг хамарсан 285 технологийн тоног төхөөрөмжтэй, хайрцган холхивчтой ачааны вагоныг засварлах депо болон жилд 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий бутлуур, 4 км туузан дамжуурга, овоологч тэжээгч, өндөр хүчин чадлын вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий дагалдах барилга байгууламжаас бүрдэх “Тавантолгойн нүүрс ачих логистик төв”-ийн барилга байгууламжийг бүрэн ашиглалтад орууллаа. Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлснээр 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар төмөр замаар нийт 41 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилтыг тогтоогоод байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагуу цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг Зам, тээврийн сайд, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд нар баталсан. Уг төлөвлөгөөнд тусгагдсан автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хүн ам, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ашиглалтаас хасагдсан автомашины батарейг дахин боловсруулан сэргээх, устгах тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн Налайх дүүрэгт “Электрокем Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал тугалга болон, хүхрийн хүчлийн уусмалыг тус тус 98 хувь ялган авч, 20 гаруй бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой, 75 хүний ажлын байр бүхий, жилд 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Авто тээврийн хэрэгслийн хаягдал батарейг дахин боловсруулах энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор улсын хэмжээнд гарч буй батарейн хаягдлыг бүрэн боловсруулах боломжтой болж байна. Цаашид ашиглалтаас хасагдсан автомашин, техникийн үйлчилгээнээс гарч буй аюултай болон энгийн хаягдлыг боловсруулах, ашиглалтийг тестлэх лаборатори, зарим эд ангийг экспортлох зориулалт бүхий хатуу хог хаягдлыг дахин боловсруулах тав, шингэн хог хаягдал, авто машины дугуйг дахин боловсруулах найм, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг авто ресайкл, зарим эд ангийг ашиглах эсэхийг тестлэх лабораторитой гурван үйлдвэрийг Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Дархан-Уул, Орхон аймаг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023-2030 он хүртэл үе шаттайгаар төрийн дэмжлэгээр байгуулж, хог хаягдлыг дахин боловсруулах хувийг 2030 он гэхэд 40 хувьд, 2050 он гэхэд 50 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байна.

АВТО ЗАМЫН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАВ

2024 онд Авто замын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслүүдийн техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж ФИДИК-ийн гэрээгээр хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа. Авто замын тухай хуулийн 21.1 дэх заалт “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтын эрх бүхий мэргэжлийн байгууллага захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт хэрэгжиж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 40 авто зам, гүүрийн төслүүдийн барилгын ажлын техник технологийн хяналтын ажлыг анх удаа 18 хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх ажлыг эхлүүллээ. Үүнээс өмнө авто замын төслүүдийн техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ дангаар хэрэгжүүлдэг байсан бол ийнхүү хувийн хэвшлийн оролцоог хангах болсноор авто замын салбарт өрсөлдөөн бий болж байна.

Түүнчлэн 2024 онд авто замын барилгын ажлын шинэ дэвшилтэт технологийг амжилттай туршиж нэвтрүүллээ. Тухайлбал, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн Дархан-Алтанбулаг чиглэлийн 116.5 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах засварын ажлын хүрээнд Казахстан улсын “GO INVEST” эрдэм шинжилгээний институт, БНХАУ-ын “DA GANG” компанийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж “SLURRY SEAL” гадаргуун боловсруулалт, элэгдлийн үеийн хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд “Үйлсийн зам” ХХК болон “Кей Эйч Ти Эс” лабораторитой хамтран “Slurry seal” элэгдлийн үеийн материалын туршилт шинжилгээг хийж түүнд үндэслэн орц тогтоож талбай дээр туршсан бөгөөд “Үйлсийн зам” ХХК-ийн гүйцэтгэж буй Дархан-Алтанбулаг чиглэлийн 116 км авто замын засварын ажилд хоёр улсын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, Зөвлөх “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн хяналтан дор 12 км замд гадаргуун боловсруулалтын шинэ технологийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажил нь карьерээс материал аваагүй, хуучин хучлагын материалыг 100 хувь дахин боловсруулж ашигласнаар “байгаль орчинд ээлтэй эко төсөл” боллоо. Салбарын хүний нөөцийн бодлогын чиглэлээр, “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм” ЗЗБНбД 81-013-2019-ны 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/243 дугаар тушаалын хавсралтуудаар “Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг”, “Авто зам, замын байгууламжийн машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнэ”-ийг шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр бүртгүүллээ. Авто зам, замын байгууламжийн ажилчдын цалинг 2016 онд баталсан жишиг тарифаар тогтоодог байсныг ийнхүү шинэчлэн батлуулснаар авто зам, замын байгууламжийн ажилчдын цагийн жишиг цалин 85 хувиар нэмэгдлээ.

ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТАВ ТУХТАЙ, АЮУЛГҮЙ ЗОРЧИХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭВ

2024 онд Зам, тээврийн яамнаас автотээврийн зорчигч үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ая тухтай аялах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажилласан нь тодорхой үр дүнг гаргаж байна. Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт нийт 22 автобуудал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зорчигч үйлчилгээний автобуудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, стандартын шаардлагыг хангуулах чиглэлээр ажиллаж, 2024 онд Орхон аймагт 1600-1800 зорчигч, тээвэрчдэд үйлчлэх хүчин чадал бүхий автобуудлыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүллээ. Энэхүү автобуудал нь дөрвөн давхар, 2480мкв талбайтай, 300 тээврийн хэрэгслийн 7000 мкв авто зогсоолтой жолооч, зорчигч, тээвэрчдийн тав тухыг хангасан томоохон бүтээн байгуулалтын ажил боллоо. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Ховд аймагт баригдаж буй автобуудлын барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байгаа бол 2024-2028 онуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжин Сэлэнгэ, Булган, Дорнод, Сүхбаатар, Замын-Үүд, ГовьСүмбэр, Өвөрхангай аймгуудад автобуудал барихаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуух ногоон шийдэлтэй “Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор. Ерөнхий шаардлага” МNS 5537:2016 стандарт шаардлага хангасан улсын хэмжээнд улс, олон улсын чанартай авто замын дагуу зорчигчид, жуулчдын үйлчилгээнд зориулагдсан нийт 24 үйлчилгээний цогцолбор үйл ажиллагаа явуулж байна. Үүний дээр Өвөрхангай, Завхан, Булган, Дорноговь, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгуудад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уг стандартын шаардлагыг хангасан арван аж ахуйн нэгж, байгууллагатай “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ гэрээ байгуулан хамтран ажиллаж зорчигч, аялагчдад тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн иргэдийн зорчин явах тав тухтай байдал, эрэлт хэрэгцээг хангах ажлын хүрээнд орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй 310 автобусанд буюу тээврийн нэгдсэн системд бүртгэлтэй 628 автобусны 50 хувьд нь, мөн хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 54 хувьд буюу 600 автобусанд WIFI төхөөрөмж суурилуулан зорчигчид интернет сүлжээ ашиглах боломжийг бүрдүүлсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн ажил боллоо. Орон нутгийн автотээврийн зорчигч үйлчилгээний байгууллагууд холын замд буюу “Улаанбаатар хот – Увс аймгийн Улаангом сум” чиглэлд 28 хүний суудалтай, хөл амраагчтай, хагас унтлагын зориулалттай, 24 цагийн интернэттэй, VIP автобус үйлчилж эхэлсэн нь шинэлэг үйлчилгээ боллоо. Үүний үр дүнд автотээврийн орон нутгийн зорчигчдын тоо 2024 оны арванхоёрдугаар сарын 08-ний өдрийн байдлаар 1.7 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өслөө. Түүнчлэн, 2024 онд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээр Хавирга-Ар хашаатын боомт, Ханги-Мандалын боомт, Шивээхүрэн-Сэхээгийн боомтоор зорчигчийн тогтмол бус тээвэрлэлтийг эхлүүлж 124 мянган зорчигч тээвэрлэсэн бол оны эхний 11 сарын байдлаар нийт 727 мянган зорчигч улс хоорондын автотээврийн үйлчилгээг үзүүлжээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭВ

Зам, тээврийн салбар нь иргэдэд нээлттэй “Шилэн яам” болох ажлын хүрээнд салбарын нээлттэй өгөгдлүүдийн Платформ 2.0 хувилбарыг хөгжүүлж, eRTHub.mn портал сайтаар дамжуулан иргэд, олон нийтэд 33 системээс интеграци хийж, 156 өгөгдлийн бүрдэл, 40+ сая мөр бичлэгийг REALTIME, хүний оролцоогүйгээр боловсруулан хүргэж байна. Платформ 2.0 систем дээр 2024 онд 4552 хүн хандсан бол eRTHub.mn портал сайт дээр 2024 оны гурван сараас хойш 5900 удаа хандан орж мэдээ мэдээлэл авчээ. Цахим үйлчилгээний нэгдсэн платформын хүрээнд салбарын 94 үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг олгох ажлыг бүрэн цахимжуулжнаас автотээврийн салбарт онцгой ахиц гарсан, шинэ санал санаачилга бүхий иргэдийн хүлээлтэд нийцсэн цаг үеийн хамгийн оновчтой ажил нь автотээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг тоон гарын үсгийн технологиор орон зай, цаг хугацаанаас үл хамааран үзүүлэх боломжтой “Аutobox” апп болон Төрийн үйлчилгээний киоскоор нэр шилжүүлдэг боллоо. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээс хойш нийт 7938 нэр шилжүүлэх хүсэлт бүртгэгдэж, 3877 үйлчилгээг баталгаажуулалт хийсэн байна. Нэг удаа үйлчилгээ авахад хоёр хүн тус бүр хоёр талдаа дунджаар зургаан км зорчдог байсан бол үйлчилгээг цахимжуулснаар зорчилт хөдөлгөөнийг ойролцоогоор 70 мянган км-ээр бууруулжээ. Энэ нь маш их цаг хугацаа, зардал хэмнэсэн чухал ажил болсныг ЦХИХХЯ, Засгийн газрын түвшинд үнэлэв.

Зам тээврийн яамнаас цахимжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 2024 онд Google map системд Монгол Улсын олон улс, орон нутгийн чанартай автозам, түүний дагуух үйлчилгээний байгууламжууд, түүхэн дурсгалт газрууд, төлбөр авах цэг, амрах цэгийн мэдээллүүдийг 360 панорама зураг хэлбэрээр орууллаа. Тус ажил хийгдсэнээр жолооч, зорчигч, аялагчид Монгол Улсын автозамын мэдээллийг илүү үнэн бодитоор авах боломж бүрдэж байгаа бөгөөд дэлхий нийтэд Google map системээр дамжуулан эх орноо таниулах чухал ач холбогдолтой болж байна. Түүнчлэн Зам, тээврийн яам болон харьяа байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цаасгүй цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. 2024 онд тус яаманд 138,820 хуудас бүхий 10,027 албан бичиг ирж, 371,415 хуудас бүхий 5531 албан бичиг явсан байдаг. 2024 оны аравдугаар сарын 23-наас яамны хэмжээнд тоон гарын үсэгт шилжин нийт 615 албан бичиг, түүнд дагалдах 20 мянга гаруй хавсралт материалыг тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр явуулсан. Үүний үр дүнд бичиг хэргийн зардал, шуудангийн зардал, иргэд байгууллагаас албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг бууруулж, шууд цахимаар харилцах боломж бүрдүүлсэн нь зорчилт хөдөлгөөн-авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй эдийн засгийн олон үр ашигтай ажил болж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ШИЛДЭГ ЗӨВЛӨЛӨӨР ШАЛГАРЛАА

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөл”, ХНХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас жил бүр яамд болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн дэргэдэх дэд болон салбар зөвлөлүүдээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Зам, тээврийн салбар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар санаачлагатай ажиллаж, 2024 оны “Шилдэг дэд зөвлөл”-өөр шалгарлаа. Тухайлбал, “Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-д хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зохицуулалт тусгах, “Нийтийн тээвэр: Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021” стандартад өөрчлөлт оруулах, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих шаардлага хангасан автобусны тоог нэмэгдүүлэх, жишиг автобусны зогсоол болон цогцолбор байгуулах, зорчигч тээврийн төвүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх гэх мэт олон ажлуудыг хийж хэрэгжүүлснээр ийнхүү шилдэг дэд зөвлөлөөр шалгарлаа.