УИХ-ын гишүүн, эрчим хүчний Үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг: Эрчим хүчний реформын нэг чухал хэсэг бол хуулийн шинэчлэлтийн асуудал байгаа. Эрчим хүчний хууль 2001 онд батлагдаж эрчим хүчний реформыг анх удаа хийсэн. Тухайн үеийн эрчим хүчний реформын дөрвөн зорилготой хийсэн. Нэгдүгээрт, бүтцийн өөрчлөлт хийж босоо бүтэцтэй байсан эрчим хүчний компанийг хэвтээ бүтэцтэй болгож дамжуулах, түгээх, үйлдвэрлэх гээд олон компани болгож салгасан. Хоёрдугаарт, Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж үнэ тарифыг хараат бус байдлаар зохицуулахаар болсон. Гуравдугаарт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж бизнесийн хүнд суртал арилж, хэрэглэгчээ дээдэлсэн салбар болж хөгжүүлнэ. Үүнийг огт хийж чадаагүй. Дөрөвдүгээрт, өрсөлдөөнийг бий болгож тухайн зах зээл дээр байж болох доод үнийг тогтооё, хэрэглэгчээ дээдэлдэг, чанартай үйлчилгээг хэрэглэгчдээ хүргэдэг болохыг олон улсын туршлага нотолсон. Үүнийг хэрэгжүүлэх ёстой байсан. Гэвч энэ дөрөвдүгээр зорилгыг бас хэрэгжүүлж чадаагүй. Өнөөдөр 24 жил өнгөрсөн байна.
Энэ салбар хямралынхаа дээд цэгт хүрсэн ийм байдалтай байна. Иймээс бид өнөөдөр эрчим хүчний хуулиудыг шинэчилж, реформ II-ыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Ингээд 2025 онд эрчим хүчний хуулийг шинэчлэх, реформыг хэрэгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.
Нэгдүгээрт, үйлдвэрлэгч талд нь өрсөлдөөнийг заавал бий болгох ёстой юм байна.
Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлье.
Гуравдугаарт, дэлхий дахин ногоон шилжилт рүү явж байгаа учраас энэ хуулийг шинэчилж, ногоон шилжилтийг нэмэгдүүлнэ.
Дөрөвдүгээрт, босоо хэлбэртэй байгаа удирдлагын тогтолцоог засаж залруулна.
Тавдугаарт, Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус байдлыг дээшлүүлнэ гэсэн зорилтуудыг тавиад байна. Өнөөдөр бид хуулийн ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, энэ ажилдаа шамдан ороод хоёр долоо хоногийг өнгөрөөж, үнэлгээ ажлыг хийж байна. Өнөөдөр хууль маань маш товчхон ерөнхий байснаараа хуулиас давсан журам бодит амьдралд маш их болсон. Цаашид энэ хуулийг нэлээд сайн болгож, эрчим хүчний реформ II-ыг маш амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.
УИХ-ын 126 гишүүнээс 103 нь дэмжсэнээр Эрчим хүчний реформ хийх Үндэсний хорооны лобби бүлэг байгуулагдсан. Тус лобби бүлгийг УИХ-ын гишүүн Цэнгүүн ахалж байгаа аж.
0 cэтгэгдэлтэй