Ц.Туваан: Ойрын ирээдүйд манай улс аж үйлдвэржсэн олон тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус улс болно

newslifemn 2024-10-7

Уул уурхайн долоо хоног “Miinig Week 2024” олон улсын үзэсгэлэн, арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээ нь 3 дахь жилдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн Үндэсний ассоциациас зохион байгуулж буй уул уурхай, эрдэс баялгийн салбарын дотоод, гадаадын олборлогч, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч компаниуд, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийтийн бүх талын оролцоог хангасан салбарын томоохон арга хэмжээ юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын төр, хувийн хэвшлийн компаниудаас гадна 20 гаруй улсын 300 гаруй компани, хөрөнгө оруулагчид оролцсон байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Учрал, Шадар сайд С.Амарсайхан, Шадар сайд Т.Доржханд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар оролцож Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийг танилцуулав.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нээж үг хэлэхдээ, Ойрын ирээдүйд манай улс аж үйлдвэржсэн олон тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус улс болохыг зорин ажиллаж байгааг онцлов. “Уул уурхайн 7 хоног 2024” арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалт эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж, олон улсын үзэсгэлэнтэй хамтран цар хүрээгээ өргөжүүлж байгааг тэмдэглэв.

“Майнинг Про 2024” үзэсгэлэнд салбарын ханган нийлүүлэгч, аж ахуйн нэгжүүд, төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, зөвлөхүүд, технологийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч компаниуд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь, төсвийн орлогын 37 хувь, экспортын орлогын 94 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82 хувь, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 72 хувийг дангаар бүрдүүлж байна. Тиймээс төрөөс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд манай улс өөрийн онцлог, түүхий эдийн нөөц боломжид нийцүүлэн ашигт малтмалын боловсруулалтын түвшнийг ахиулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэхээр 13 томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэв.

Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэрийн агаарын геофизикийн цахилгаан соронзон судалгааг 50%-д, 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 47 хувийг 51%-д хүргэхээр зорин ажиллаж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг цахимаар, нээлттэй, ил тод хэлбэрээр зохион байгуулахаа илэрхийлэв. Монгол Улсын хэмжээнд зэсийн 56.5 сая тн, нүүрсний 36.6 тэрбум тн, төмрийн 1.8 тэрбум тн батлагдсан нөөц бүртгэгдээд байна. Ашигт малтмалын хайгуулын 1001, ашиглалтын 1728 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 1.2 хувийг эзэлж байгаа боловч экспортын орлогын 94%-ийг бүрдүүлж байна. Иймд цаашид ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэл баримтална хэмээв.