Зөвшөөрөлгүй, сургалтын хөтөлбөргүй байж сургалт явуулсаар иржээ

newslifemn 2024-09-17

-Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын удирдлагуудад хэн хариуцлага тооцох вэ-

Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар сургалт явуулах зөвшөөрлийн хугацаа нь 2022 онд дуусчихсан байхад байгууллагуудтай гэрээ хийж сургалт явуулж буй талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулж, хэд хэдэн удаа үйлчлэгчийн сургалт явуулж, хүмүүсийг хамруулжээ.

Иймээс тус үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн орлогч дарга н.Ганзориг, мастер н.Амаржаргал нартай холбогдоход “Манайхаас санал тавихад тус газраас ирээд сургалт явуулж үнэмлэх олгодог. Яг хэдэн хүнийг сургалтад хамруулсан талаар тоо өгөх боломжгүй. Мэдэхгүй байна” гээд утсаа таслав.

Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй, сургалтын цогц хөтөлбөрөө батлуулаагүй байж сургалт явуулж ирсэн нь нэг талаар залилан мэхэлсэн, нөгөө талаар албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл биш гэж үү. Сургалт явуулах гэж томилолтын зардал хүртэл авдаг байсан гэхээр энэ бол зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш юм.

Тусгай зөвшөөрлөө сунгуулах гээд хүсэлтээ өгсөн, сургалтын хөтөлбөрөө батлуулах гээд өгсөн хүлээж байна хэмээн дүрэм, журам зөрчөөгүй мэт булзааруулсан тайлбар хийж суугаа Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын удирдлагуудад хэн хариуцлага тооцох вэ?