С.Амарсайхан: Мэргэжлийн байгууллагууд үерийн эрсдэлийн бэлтгэлээ хангаж байгаа ч иргэн, ААН, байгууллагуудын хамтын ажиллагаа чухал

newslifemn 2024-05-27

Улсын Онцгой Комисс (УОК)-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Улс орон даяар улс төрийн уур амьсгалтай сонгуулийн компанит ажлууд эхэлж байгаа учраас төрийн албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн удирдлагууд ажлыг эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байх шаардлагатай.

Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно, дуусдагаараа дуусна, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх учраас аливаа шатанд хариуцлага алдахгүй байх, гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлийг хохирол багатай даван туулах бэлтгэлээ хангах шаардлагатайг сануулж байна.

УОК-ын Шуурхай штабын дэргэд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын штабыг нээж ажиллуулах, аймаг, сум, нийслэл, дүүргийн онцгой комиссыг байнгын ажиллагаанд оруулах, иргэдийг мэдээ мэдээллээр хангах, хамтарч ажиллахад чиглэсэн ажлуудыг эхлүүлж байна” гэж ярилаа.

Үер усны аман дээр буухгүй байх, анхааруулж хэлсээр байхад замд гардаг хандлагаа өөрчлөх ажлуудыг шат, шатанд хийх аж.

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагууд үерийн эрсдэлийн бэлтгэлээ хангаж байгаа ч иргэн, ААН, байгууллагуудын хамтын ажиллагаа чухал.

Үерийн ам таглаж барьсан барилгыг нүүлгэхээс гадна үерийн далан сувгийг сэтрэхгүй болгох, голын урсцыг сайжруулах ажлыг хийж байгаа тухай мэдээллийг нийслэлээс байнга ирүүлж байгаа.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 200 гаруй айл өрх, ААН үерийн аман дээр бууснаас болж иргэд амь насаа алдсан, эрүүл мэндээр, эд хөрөнгөөр хохирсон нөхцөл байдал гарсан. Энэхүү эрсдэлийг давтахгүйн тулд өнгөрсөн хавраас хойш 2,000 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажил цэгцэрч, шинэ далан сувгийн бэхэлгээ, хүчитгэх ажлуудыг хийж эхэлсэн тухай мэдээллийг өгч байгаа юм.

Үерийн өөр ямар эрсдэл үүсэхийг хэлж мэдэхгүй учраас бүх шатанд бэлтгэлээ сайн хангах ажлыг хийж байна” гэж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.