Байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд нээлттэй байх, ашигт малтмалыг худалдан борлуулах үйл явцыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, урьдчилан сэргийлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газар, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлуулсан.
Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журам”-ыг баталж, 2023 оны 59 дүгээр тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэж, 2023 оны 1 дүгээр сараас нүүрсний арилжааг нээлттэй, дуудлага худалдааны зарчмаар борлуулах ажлыг эхлүүлсэн.
Биржээр арилжиж эхэлснээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, худалдаалах үнэ өсөж, далд эдийн засаг ил болж, худалдан авагч тал аливаа зуучлагчгүйгээр шууд худалдан авах тогтолцоо бүрдэж, төсвийн орлого нэмэгдсэн зэрэг олон эерэг үр дүн гарсан.
Салбар яамнаас биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг нэмэгдүүлэхээр “нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш”-ийг биржээр арилжаалах бүтээгдэхүүнд тооцон Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор батлуулсан ба нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жоншны хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үндэсний ангиллын стандартуудыг шинэчлэн батлуулаад байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд экспортын бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалах үүргийг хүлээж, нүүрс, төмрийн хүдэр, баяжмалыг биржээр арилжаалах ажлыг үе шаттайгаар эхлүүлснээс хойш 2023 оны жилийн эцсийн байдлаар 14.9 сая.тн нүүрс, 604.8 мян.тн төмрийн баяжмалыг тус тус арилжиж нийт 2,186.2 сая ам.долларын борлуулалтын орлого олжээ. Мөн биржийн үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Энэ бол хуулийн хэрэгжилтийн үр дүн юм.
Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 50 дугаар тэмдэглэлийн 2-т “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжааг эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасны дагуу тус яамнаас Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай саналыг боловсруулж, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан. Цаашид Оюу толгой төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая.тн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломж бүрдэхээр байна.
Засгийн газраас эхний ээлжинд Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн нийт баяжмалын 10%-ийг биржээр арилжаалах бодлогыг баримталж байгаа ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас, бэлтгэл ажлуудыг ханган холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2024.03.18/ Зэсийн баяжмалын биржийн арилжаа сэдэвт хэлэлцүүлгийг худалдагч, худалдан авагч талуудын оролцоотойгоор танхимаар болон онлайнаар зохион байгуулж, арилжааны зарчим болон гэрээний нөхцөл зэрэг асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонгконг, ОХУ, Швейцар, АНУ, БНЧУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк зэрэг улсын, мөн дотоодын аж ахуй нэгжүүдийн нийт 200 гаруй төлөөлөгч оролцов.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжих төрлийг нэмэгдүүлснээр байгалийн баялгийн үр өгөөж нэмэгдэж, худалдан борлуулах үйл явц авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, экспортын орлого нэмэгдэх, төсвийн орлого тэлэх чухал ач холбогдолтой юм.
0 cэтгэгдэлтэй