Геологийн сэдэвчилсэн судалгаа, эрэл-үнэлгээ, нарийвчилсан эрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж орд болохуйц хэтийн төлөвтэй газруудыг нээн илрүүлэн, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг төрөөс баримталж буй.
Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, Геологийн судалгаа, шинжилгэний төв ТӨҮГ Австралийн “Xcalibur” компанитай хамтран, агаарын цахилгаан-соронзон судалгааны “Ханбогд-2023” төслийг эхлүүлжээ.
Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийг хамарсан 954 км.кв талбайд геофизикийн судалгааны хэд хэдэн арга, аргачлалаар цогцолбор судалгаа хийж байна. Тухайлбал, агаарын геофизикийн цахилгаан соронзон хайгуул болон агаарын геофизикийн цацраг идэвхжилийн хайгуул хийж байгаа ажээ.
СУДАЛГААНЫ ҮР ДҮНД АШИГТ МАЛТМАЛЫН ТАРХАЛТЫН ЗҮЙ ТОГТЛЫГ ГАРГАЖ, ХЭТИЙН ТӨЛӨВТЭЙ ЭРЛИЙН ТАЛБАЙГ ЯЛГАНА
Энэ талаар “Ханбогд-2023” төслийн ахлагч, МУИС, ШУС, Геологи, Геофизикийн тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Баатарчулуун “Монголд анх удаа хийгдэж байгаа цахилгаан соронзон долгионы арга нь харьцангуй гүний буюу 400-1000 метрийн геологийн тогтоцыг зураглах, хүдрийн биет байвал илрүүлэх боломжтой арга юм. Мөн тусгай тоноглосон нисдэг тэрэгт багаж, тоног төхөөрөмжөө суурилуулан агаараас цахилгаан соронзон долгионы арга ашиглан судалгаа хийдэг учраас богино хугацаанд өргөн уудам талбайг судалж, шинжилдэг. Бид энэхүү судалгааны үр дүнд үндэслэн ашигт малтмалын ордын хэтийн төлөвтэй байж болохуйц зарим хэсгүүд дээр геофизикийн бусад арга, аргачлалаар нарийвчилсан судалгааг газраас хийж гүйцэтгэнэ. Одоогоор нийт талбайн хэмжээнд геологийн нарийвчилсан ажил, зураглал хийгдээд байна. Төслийн үр дүнд ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг гаргаж, хэтийн төлөвтэй эрлийн талбайнуудыг ялгах боломж бүрдэнэ” гэх мэдээллийг өглөө.
Мөн энэхүү судалгаагаар эрдэс баялгийн нөөц илрүүлэхээс гадна тухайн газар нутгийн геологийн гүний тогтоц, тектоникийн буюу хагарлын тухай, мөн газар доорхи ус, хөрсний гэх мэт олон төрлийн нарийвчилсан цогц мэдээллийг 3D зураглалаар гаргах юм байна. Австралийн “Xcalibur” компанийн хувьд агаарын геофизикийн судалгаагаар дэлхийд тэргүүлэгч, технологи бүтээгч, ноу-хау эзэмшигч байгууллага юм. Тэр ч утгаараа судалгааны нарийвчлалтай үр дүн бүхий баталгаатай мэдээлэлд нь үндэслэн хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж, хамтран ажиллах нөхцөл бүрддэг байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 45 орчим хувьд улсын төсвийн хөрөнгөөр 1:50 000 масштабтай геологийн зураглал-ерөнхий эрлийн судалгаа хийгдсэн боловч эрэл-үнэлгээ, нарийвчилсан эрлийн ажил 1990-2019 он хүртэл зогсонги байдалд ороод байв. Тиймээс “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д геологи, хайгуулын судалгааны төслүүдийг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөц болон энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах, илүү системтэй судалгаа хийх үүднээс дээрх төслийг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж : gogo.mn
0 cэтгэгдэлтэй