БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг.
Энэ үеэр ундны усны бохирдлын асуудлаар мэдээлэл өгөв.
Төвлөрсөн бус усны эх үүсвэртэй Зайсан орчмын орон сууцны хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч-Salmonella, shigella илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ундны усандаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байгааг анхаарууллаа.
Зайсан орчмын ундны уснаас нь гэдэсний савханцар илэрснээс үүдэж Зайсангийн аманд байршилтай 3-4 сургуулийн 4000 орчим хүүхдийн эрүүл мэнд эрсдэлд орсон байж болзошгүй байна
Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр “Усны газрын лабораторийн шинжилгээний дүнгээр Зайсан орчмын таван хотхонд ундны уснаас нь гэдэсний савханцар илэрсэн. Өөр бусад лабораторид хийсэн шинжилгээний дүнг хараахан нэгтгээгүй байна. Дээрх хотхонууд Зайсангийн амын энд тэнд байршилтай байгаа учраас тухайн газарт тэр чигтээ гэдэсний савханцар илэрсэн байх эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт халдварт болон халдварт бус өвчин тархах эрсдэл үүссэн байж болзошгүй талаар мэдээлж, энэ асуудалд анхаараасай гэдэг үүднээс албан хүсэлт явуулсан. Мөн ХӨСҮТ-д хандаж, энэ талаар судалгаа хийхийг зөвлөсөн байгаа. Зайсангийн аманд байршилтай 3-4 сургууль бий. Тухайн сургуулиудад ойролцоогоор 4000 орчим хүүхэд суралцаж байна. Тэгэхээр эдгээр хүүхдийн эрүүл мэнд эрсдэлд орсон байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон. Гэдэсний савханцар нь хүний ялгадсаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог зүйл. Бид гэдэсний савханцраас сэргийлэхийн тулд бие зассаны дараа гараа угааж, гаднаас гэртээ орохдоо гутлаа тайлдаг. Гэтэл ундны уснаас энэ төрлийн савханцар илэрч байна. Ганц энэ ч биш маш олон төрлийн бодис бий. Бид их олон жилийн турш голын хамгаалалт, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн талаар ярьсан. Харин энэ тухай асуудал хамгийн ихээр алдагдсан газар нь Зайсангийн ам орчимд. Энэ жижигхэн аманд 16-20 мянган хүний бөөгнөрөл үүсгэж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай энэ мэтээр илэрч байна” гэлээ. Тус газраас өгсөн мэдээллээр 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар 209 аж ахуй нэгж, байгууллагын ус ашиглуулах дүгнэлт гаргаж, мэдээллийг салбараар, сав газрын захиргаа, аймаг, нийслэлээр нэгтгэн гаргасан. Ус ашиглуулах дүгнэлтээр урьдчилсан байдлаар 172.0 сая.м3 /жил усанд төлбөр ногдуулсан бол өнөөдрийн 121.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Салбараар нь харуулбал, Хөдөө аж ахуйд 1.7, уул уурхайд 122, хүнд үйлдвэрт 0.2, эрчим хүчний үйлдвэрлэлд 36.3, хүнсний үйлдвэрт 4.8, барилга, барилгын материал үйлдвэрлэлд 2.9, зам засварт 0.7, аялал жуулчлалд 0.05, ахуйн үйлчилгээнд 0.8 сая м.куб ус ашиглахаар байна.
0 cэтгэгдэлтэй