ОХУ-ын Г.В. Плехановын нэрэмжит Эдийн Засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар сургуульд өнөөдөр орчин үеийн стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан их сургуулийн дэргэдэх хамгийн анхны усан бассейн нээлтээ хийлээ. Мөн энэ өдөр хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж байгаа бөгөөд уг арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченко хүрэлцэн ирж оролцож буй юм.
Г.В. Плехановын нэрэмжит Улаанбаатар дахь салбар сургуулийн бассейны нээлтэд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко, ОХУ-ын Шинжлэх Ухаан, Дээд боловсролын дэд сайд Константин Могилевский, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков, мөн Оросын мужуудын тэргүүн нар, ОХУ-ын бүс нутаг дахь их дээд сургуулиудын удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.
Г.В Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Монгол дахь салбар нь эдийн засаг, санхүүгийн салбарт зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг, багшлах боловсон хүчин, материаллаг бааз, тоног төхөөрөмж сайтай, арвин туршлагатай сургууль юм. Тус сургууль одоо 1500 суралцагчидтай бөгөөд олон улсын боловсролын стандартад нийцсэн дээд боловсролыг Орос орны дээд боловсролын хөтөлбөрөөр олгодог.
Тус сургуулийн ололт амжилтаас дурдвал, Г.В Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Монгол дахь салбар нь сургалтын чанар, төгсөгчдийн амжилтаар 2022 онд шилдэг 10-т багтсан байна. Спорт цогцолборын нээлтэд оролцсон ОХУ-ын холбогдох албаны хүмүүс тус сургуульд, сургалтад хэрэглэгдэх ном сурах бичгийг хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү арга хэмжээ нь 2018 оноос хойш засвартай байсан 25 метр урттай “Далайн гахай” бассейныг нээх ёслолын үйл ажиллагаагаар өндөрлөлөө. Энэ үеэр ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко хэлэхдээ “Тус салбар сургууль нь орос хэл, Оросын Холбооны Улсын боловсролын стандарт, арга зүй, мөн мэдээж Оросын соёлыг сонирхдог бүх хүмүүсийг татах цэг байх болно.
Бид энэхүү усан бассейныг усан спортоор хичээллэж, усан спортоос таашаал авах боломжийг хүүхэд залуучуудад олгох зорилготой энэ объектыг өнөөдөр ийнхүү нээж байна. Энэхүү их сургуулийн усан бассейн нь улаанбаатарчуудын хувьд усан спортоор хичээллэх шинэ талбар болох юм” гэв.
Энэхүү усан бассейныг тус сургуулийн багш ажилтнууд, оюутан сурагчдад зориулан биеийн тамирын хичээл орох, спортын дугуйлан зохион байгуулах, тус сургуулийн ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор ашиглах юм байна.
0 cэтгэгдэлтэй