“Орфей” театр өнгөрсөн онд АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Опал” саркастик мелодрам жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Эл уран бүтээлийг М.Батболд найруулж, ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны загвар зохион бүтээгчээр О.Булган нар ажилласан юм. Энэ жүжгийн гол дүрээр жүжигчин О.Энхтуул оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчнээр тодорч байсан.
Тэгвэл тус жүжиг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгатайгаар дахин тайзнаа амиллаа.
Сэтгэхүйн комеди драм төрлийн эл жүжгийн гол дүрд О.Энхтуул, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Г.Отгонцэцэг нар тоглож байгаа юм.
Хүнлэг сайхан сэтгэл гээч хаанаас бий болдог юм бол. Сайхан сэтгэлийг бид хэн нэгнээс өвлөж авдаг уу, үлгэрлэн суралцдаг уу. Хүнтэй нь биш хөрөнгө мөнгөтэй нь, хүн сэтэлтэй нь биш хүсэмжит биетэй нь амьдрах болсон энэ цаг үед хүний сайхан сэтгэл ямар дүртэйг, түүнээс ямар чимээ гардгийг “Бүгд чамд хайртай” жүжгээс үзээрэй.
0 cэтгэгдэлтэй