Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Азийн хөгжлийн банк хамтран “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 12 аймаг, 5 дүүрэгт Хамтарсан багийн гишүүдийн чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах юм.
Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт өнөөдөр Баянгол дүүргээс эхэллээ. Сургалтад хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар хамрагдаж байна.
Монгол Улсын хувьд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх стастистик мэдээлэл бий. Тэр дундаа гэр бүлийн хүрээнд 10 эмэгтэй тутмын 6 нь хүчирхийлэлд өртдөг бөгөөд 4 эмэгтэй тутмын 1 нь хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй гэсэн судалгаа байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн хамгийн түрүүнд ханддаг, тэднийг сонсох хүн бол хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, хорооны Засаг дарга нар байдаг. Тиймээс энэ удаагийн сургалтад хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг хамруулж байгаа юм.
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Баянгол дүүргийн хэмжээнд энэ оны таван сард хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 2142 бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад дуудлага мэдээлэл 20 хувь буурсан. Энэ нь хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын ажлаа үр дүнтэй хийж байгаагийн илрэл. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл буурлаа гээд тайвширч болохгүй, цаашид гэр бүлийн хүчирхийллийг зогсоох тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлов.
0 cэтгэгдэлтэй