Монгол Улсын Их хурал 1993 онд “Биологийн олон янз байдлын тухай” конвенцийг соёрхон баталснаар уг конвенцид албан ёсоор нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ энэ сарын 16-19-ний өдрүүдэд дөрвөн салбар хуралдаан, 5 дугаар сарын 22-ны өдөр Олон улсын биологийн олон янз байдлын өдрийг олон талт оролцоог ханган тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
2023 оны “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр”-ийг Дэлхий нийтээр “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриатай холбогдох арга хэмжээг зохион байгуулж байна.
Өчигдөр буюу 5 дугаар сарын 16-ны өдөр “Биологийн олон янз байдал- Байгалийн ургамал” хуралдаанаар эхэлсэн. Харин өнөөдөр буюу 5 дугаар сарын 17-ны өдөр “Биологийн олон янз байдал-Амьтан” сэдвээр үргэлжиллээ.
Хэлэлцүүлгийг нээж БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, “Дэлхийн хүн төрөлхтний өмнө сүүлийн жилүүдэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөгөөр байгаль экологийн тэнцвэрт байдал, экосистемийн хэв шинж, төлөв байдал алдагдаж, биологийн олон янз байдал хомсдсон, амьтан ургамлын нөөц багасаж, зарим нь ховордож устах аюул нүүрлээд байна гэв.
Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогсод Амьтны тухай хуулийг 2012 онд баталж мөрдөж эхэлсэн бөгөөд орчин үеийн шаардлагаар шинэчлэх, өөрчлөх, засаж сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.
Д.Өсөхжаргал: Жилд 30 орчим мянган жуулчин хүлээн авч түүнийхээ орлогоор улсын
төсөвт дарамт учруулахгүйгээр байгалиа хамгаалж байна
Мөн энэ үеэр “Мазаалай баавгай” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Дэлгэрчимэг, “Тахь адуу” сэдвээр Хустайн байгалийн цогцолборт газрын судлаач, Доктор Д.Өсөхжаргал нар илтгэл тавьсан юм.
Түүнчлэн “Монгол орны шувуудын олон янз байдал”, “Идлэг шонхор,Цэн тогоруу,Тураг гогойн асуудал”, “Монгол орны загасны олон янз байдал, Тул загасны өнөөгийн байдал”, “Монгол орны шавжийн олон янз байдал”, “Зэрлэг амьтан, нүүдлийн зүйлүүдийн холбоос нутаг, хамгаалал”, “Биологийн олон янз байдлын хамгааллын үйл ажиллагаа”, “Зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн төлөвлөлт” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү хоёрдугаар салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг 2023 оны 05 дугаар 22-ны өдрийн үндсэн хуралдаанд танилцуулан, нэгдсэн зөвлөмж гаргана.
0 cэтгэгдэлтэй