Монгол Улсад Хүннүгийн хаад язгууртны дурсгалт газар арваад буй. Эдгээр нь Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Дуурлиг нарс, Гол мод-2, ОХУ-ын Буриадын нутагт байдаг.
2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илрээд байна. Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдоод буй уг дурсгалт газар Хүннүгийн Шаньюйн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны булш байх боломжтой байгаа нь үндэсний бахархлыг төрүүлж байна.
Мөн Ямаан усны дурсгалт газраас 20-иод км-ийн зайд хот суурины туурь болон Хүннүгийн энгийн иргэдийн булш дурсгалууд олон тоотой байгаа нь Хүннүгийн гүрний үеийн суурьшлын томоохон бүс байсныг батлан харуулж буй.
Дээрх түүхэн үйл явдлыг Улс, орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, эх орныхоо түүхийг дээдлэх, соён гэгээрүүлэх, зорилгын хүрээнд мөн Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан Огторгуйн цагаан Гарьд сан, УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр хамтран Б.Цогнэмэхийн зохиол “АСАРЫН ӨНДӨР “түүхэн жүжгийг тайзнаа туурвиж үзэгчд түмнийхээ сэтгэл оюунд өргөн барихаар ажиллаж байна.
Хөгжимт жүжгийн театрын хамт олон Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театртай 2023 оны 03-р сарын 27-ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж тус гэрээний хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийг “Асарын өндөр” түүхэн жүжгийн багт урьж оролцуулснаар жүжгийн бэлтгэл сургуулилтыг эхлүүлээд байна.
Уг төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн санаачилгаар туурвиж буй бөгөөд жүжгийн ерөнхий продюсероор Огторгуйн цагаан гарьд сангийн ТУЗ-ын дарга Б.Ойгонжаргал, гүйцэтгэх продюсероор Хөгжимт жүжгийн театрын дарга СТА Г.Солонго, Жүжгийн Ерөнхий найруулагч ТС УГЗ Н.Наранбаатар, Ерөнхий зураач СТА С.Ариунболд, Хөгжмийн зохиолч СТА Ш.Өлзийтөгс Хөдөлгөөний найруулагч СТА Г.Ган-Очир, Түүхийн зөвлөх Ж.Мөнхдэлгэр нар тус тус ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй