Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ, Монгол орны ой нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгааллын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог экосистем гэдгийг онцлоод 2020 оны байдлаар ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувийг эзэлж байгааг дурдсан.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тодотгоод 2022 оны байдлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуй нэгжүүд манлайлан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 608 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 221.1 сая буюу нийт 1.5 тэрбум ширхэг мод тарихаар амлалт өгөөд, ажил хэрэг болоод ажиллаж байна гэлээ.
Түүнчлэн 2021 онд аймаг, нийслэлийн хэмжээнд 2.6 сая, 2022 онд 12.1 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2 сая буюу нийтдээ 17.6 сая ширхэг мод тарьж ургуулсныг онцлоод 2023 онд аймаг, нийслэлийн хэмжээнд 33.9 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 9 сая буюу улсын хэмжээнд нийт 42.9 сая ширхэг мод тарьж ургуулах урьдчилсан төлөвлөгөө гаргаад байна гэв.
Улсын хэмжээнд нийт 1750 га талбай бүхий 336 мод үржүүлгийн газар байна. Нэг мод үржүүлгийн газрын дундаж талбай хэмжээ 5.2 га орчим бөгөөд дээрх мод үржүүлгийн газруудад 2022 оны жилийн эцсийн байдлаар 51.6 сая тарьц, суулгац ургуулж байна гэсний зэрэгцээ “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлан ургуулах чиглэлээр 1017 сургагч багш бэлтгэж, МУИС-д хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж 2022-2023 оны хичээлийн жилд нийт 52 оюутан элсэн суралцаж байна. ХААИС Батлан хамгаалахын яамтай хамтран давхардсан тоогоор 23.600 хүнд мод тарьж, ургуулах 40 цагийн сургалт, 120 хүнд сургагч багшийн сургалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 54 хүнд сертификаттай, 51 хүнд сургагч багшийн сертификаттай сургалт, Хан-Уул дүүргийн 51 хүнд сертификаттай сургалт, нийт 23.876 хүнд сургалтыг цахим, танхим, дадлага хослуулж явуулсан. Цаашид ойн салбарт ойрын гурван жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд нэн тэргүүнд стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн мэргэжлийн байгууллагуудад мод үржүүлгийн зориулалтаар газар олгож дэмжлэг үзүүлэх, мод үржүүлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мод үржүүлэг, агро-ойн аж ахуйн байгуулахад усан хангамж, ус ашиглалтыг зохицуулах, агро-ойн аж ахуйн загварыг олон улсын туршлагад үндэслэн бий болгон хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог сайжруулах, мод тарих соёлыг нутагшуулах нөлөөллийн аяныг зохион байгуулах, нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорьж байна гэж байлаа.
0 cэтгэгдэлтэй