О.Дашпагма: Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх үндсэн арга нь вакцин юм

newslifemn 2023-01-29

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх үндсэн арга нь вакцин гэдгийг онцолж байна.


-Умайн хүзүүний хорт хавдарын гол үүсгэгч нь хүний паппилома вирус юм. Энэхүү вирусийн эсрэг вакциныг дэлхий нийтэд буюу зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулж, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байна. Ер нь дэлхий дээр хавдрын эсрэг хэд хэдэн вакцин бий. Үүний нэг нь хүний паппилома вирусийн эсрэг вакцин юм. Мөн гепатит В буюу элгийг гэмтээдэг В вирусийн эсрэг вакциныг дэлхийн ихэнх улс орнууд урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа. Эдгээр хавдруудыг үүсгэдэг вирусуудын эсрэг гол үндсэн сэргийлж байгаа аргууд нь бол вакцин. Ялангуяа, хүний паппилома вирусийн эсрэг улс орнууд хоёр цэнтэй вакциныг хэрэглэж байсан. Одоо бол дөрвөн цэнтэй вакцин, улмаар дэлхий дахинд есөн цэнтэй вакцин бүтээгдээд гарчихсан, хэрэглэж байгаа.

Яагаад цэнт гэж хэлж байна гэвэл вирусийг дотор нь хэв шинжээр нь ангилаад 16, 12, 11 хэв шинж гэх мэтээр дугаарласан энэ вирусуудын хэв шинжийн эсрэг хэдэн хэв шинжийг агуулж байгаагаар нь хоёр цэнтэй гэх мэтээр ангилдаг.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд шинэ вакцинуудыг нэвтрүүлэх, улмаар зарим халдварт өвчнүүд, вирусээр үүсгэгдэж байгаа хавдруудыг эдийн засаг болоод хувь хүнд ямар их хохиролтой байна вэ гэдгийг нь үнэлсний үндсэн дээр вакциныг ямар эдийн засгийн ач холбогдолтой байж болох вэ зэрэг олон талын судалгаануудыг хийж, нэвтрүүлэх үндэслэлүүдийг гаргасан. Ингэснээр Монгол Улсад Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинэ вакциныг нэвтрүүлэх журмын хүрээнд  Дархлаажуулалтын зөвлөх хороогоор 2019 онд хэлэлцүүлсэн. Үүний үндсэн дээр 2020 оноос эхлэн сайн дурын дархлаажуулалтад ашиглаж, хэрэглэж зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах, улмаар дархлаажуулалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх энэ асуудлыг улсын хэмжээнд зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарган холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусгаад явж байна.