Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ

newslifemn 2023-03-15

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй.

ХЗДХ-ийн сайд, “Шувуу ажиллагаа”-ны Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар: “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ.

“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах юм.

“Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн баасан гариг бүр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүүр ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, “Шил ажиллагаа”-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.