АТГ-аас Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт гаргалаа

newslifemn 2023-03-15

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Баянтүмэн мэдээлэл хийлээ. Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 85 хүнийг яллагдагчаар татан шалгаснаас 6 нь УИХ-ын гишүүн аж.

Х.Баянтүмэн “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Таван толгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компани нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажлыг гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргийг ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа.

Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэргийг мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй, нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хариу нь хахууль авч, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэх 42 яллагдагчид холбогдох гурван хэргийг мөрдөн шалгаж дуусгаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх зорилгоор нэгжлэгийг 166 объектод явууллаа.

Хүний бие, эд зүйл, баримт бичигт 437 удаа нэгжлэг хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээг 25 удаа хийсэн. Мөн байгууллага, иргэнээс 973 удаа баримт материал гаргуулан авсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. Тодруулбал,

  • Улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын 6 гишүүн,
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан 1
  • Төрийн нарийн бичгийн дарга асан 1
  • Аймаг болон сумын Засаг дарга асан 4
  • ИТХ-ын дарга 1
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын 4
  • Авто тээврийн үндэсний төвийн 4 албан хаагч байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа тул Прокурорт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг хүргүүлж байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байгаа. 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан байсан учраас АТГ-аас Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэх шаардлагагүй. УИХ чөлөөлөх байх гэж харж байгаа” гэлээ.