Т.Мөнхсайхан: Эрүүл орчныг бүрдүүлэх, чихэрлэг хүнс, тэр дундаа чихэрлэг ундаанаас татгалзахад анхаарах хэрэгтэй

newslifemn 2023-03-14

“Эрүүл монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 20 орчим сургуулийн 90 гаруй төлөөлөлд “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний бодлого, чиглэлийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордноо Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан болон Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар оролцож дээрх хөдөлгөөний хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар оролцогчдод мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан: Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь хоорондоо ихээхэн уялдаа холбоотой болохыг онцолсон бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улсын эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд илүүтэй анхаарч ирсэн. Иймд одоо өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгахад анхаарч байна.

Ингэхдээ нэгдүгээрт, эрүүл орчин, нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ, хоёрдугаарт эрүүл хүнсээр ард иргэдээ хэрхэн хангах вэ, гуравдугаарт зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшлийг хэрхэн нөхцөлдүүлэх вэ, дөрөвдүгээрт ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг хэрхэн үе шаттайгаар олгох вэ гэдэг дээр анхаарч буй.

Манай улсын иргэдийн дундах өвчлөлийн үзүүлэлтийг харахад жилээс жилд өсөх хандлагатай байна. Нийт иргэдийн 3.9 хувь нь эрүүл аж төрөх нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх явдлыг бууруулах хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл өгөх тухай захирамж гаргасан. Тодорхой хуульд өөрчлөлт орж нийгэм, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийлээ.

Цаашдаа бид эрүүл орчныг бүрдүүлэх, хөрсийг эрүүлжих, цэвэр усаар хүн амаа хангах, чихэрлэг хүнс, тэр дундаа чихэрлэг ундаанаас татгалзахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн дасгал хөдөлгөөн, эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар эрүүл чийрэг нэг үеийг төрүүлэх хэрэгтэй байна. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоог бий болгосноор хойч үе маань эрүүл үндэстэн болох нөхцөл бүрдэнэ. Хэрвээ өнөөдрийн нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл та бидний үр хүүхдүүд та бид нарын насыг наслахгүй хэмжээнд хүрэх тийм л эрүүл мэндийн эрсдэлтэй тулгараад байна. Эрүүл иргэнийг, эрүүл нэг үеийг бэлтгэхэд та бүхний санал “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнд чухал тул өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.

Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн төвд өргөтгөл хийх шаардлагатай. Тиймээс гаднын тусламжаар төсөл хэрэгжүүлэхээр, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй бага насны хүүхдийн зүрхний эрт илрүүлгийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байна. Бидний хийх ажил цөм эрүүл мэнд, боловсрол гэх цэг дээр уулзаж байна. Угтаа хүн өөрийн эрүүл мэндийг зөвхөн өөрөө л хариуцна. Харин хүүхдийн эрүүл мэндийг аав ээж, асран хамгаалагчид нь хянах асуудал. Эрүүл мэндийн боловсролын асуудлыг дахин давтан тавьж буй нь Ковидын дараах үеийн бидний олж авсан сургамжаас үүдэлтэй. Ковидын дараах шинэ үе рүү шилжиж байгаа учраас тайвширч болохгүй. Мөн өнөөдрийн уулзалтаар энэ онд Чингэлтэй дүүрэгт ямар, ямар ажил хийх талаар ярилцлаа” хэмээв. 

Уулзалтад сургуулиудын удирдлагууд болон нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч, тогооч, биеийн тамирын багш нар оролцож “Эрүүл Монгол хүн”-ийг бий болгох тус үндэсний хөдөлгөөнд ямар чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар өөр өөрсдийн саналаа хэлцгээлээ. Нийтлэг боловсролын байгууллагуудаас ирж байгаа саналуудыг авч үзвэл:

Сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх, эрүүл шим тэжээлтэй хоол сурагчдад өгөхөд шаардагдах орчин нөхцөл, стандарт гал тогоо болон хоол зүйч мэргэжилтний хүрэлцээ, цалин хөлсний асуудлыг анхаарч ажиллахыг хүсэж байв. Мөн эрүүл бие бялдартай, чийрэг монгол хүнийг бэлтгэхэд биеийн тамирын стандарт спорт заал болон сургалтын хөтөлбөр, багшийн заах арга зүйг сайжруулах саналуудыг багш нар хэлж байлаа.

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь боловсролын бүх шатны байгууллагуудаар дамжуулан эрүүл иргэнийг, эрүүл нэг үеийг цаашлаад эрүүл үндэстнийг бий болгох зорилготой талаар Т.Мөнхсайхан зөвлөх яриандаа онцлоод  БШУЯ-тай хамтран боловсролын хүний нөөцийн асуудал болон хөтөлбөрийн шинэчлэл гэх зэрэг эрүүл монгол хүнийг бий болгоход шаардагдах бүхий л асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар хэлж байлаа.