Д.Түвшинтөр: Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөд уран бүтээлчид бусдын кино зохиолыг хуулбарлах ямар ч боломжгүйг ойлгох хэрэгтэй

newslifemn 2023-03-1

Хошин урлагийн “Эмоци” продакшн байгуулагдаад 10 жил болжээ. Ойгоо угтаад “Баян боол” бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Гэтэл киноны трэйлэр цацагдаж эхэлснээс хойш сошиал орчинд тус киног хулгайлсан байна гэсэн яриа өрнөж эхэлсэн. Энэ талаар жүжигчид уг киног албан ёсны эрхтэйгээр худалдаж авч үзэгчдийн хүртээл болгож байгаа талаараа ярилаа.

Д.Түвшинтөр: “Баян боол* киног “All media” компаниас албан ёсны эрхтэйгээр худалдаж авсан

“Эмоци”  продакшны захирал, жүжигчин МУСТА Д.Түвшинтөр:   Манай продакшн “Баян боол” киног “All media” компаниас албан ёсны эрхтэйгээр кино зохиолыг худалдаж авч, үзэгч түмэндээ хүргэж байна. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөд уран бүтээлчид бусдын кино зохиолыг хуулбарлах ямар ч боломжгүйг ойлгох хэрэгтэй. Уг киног дэлхийн 11 улс албан ёсны эрхтэйгээр хийсэн байдаг. “Баян боол” киноны эх хувилбар нь Орос зохиол бөгөөд өнөөдөр киноны жүжигчид бидэнд баяр хүргэж мэндчилгээ илгээсээр байна.

О.Тэмүүжин:  Нээлтийн үеэр маш олон сюрпризийг үзэгчдэдээ задална

Жүжигчин МУСТА О.Тэмүүжин:  “Баян боол” кинонд продакшны бие бүрэлдэхүүнээс гадна МУГЖ  Х.Ганхуяг, МУГЖ Ш.Доржсүрэн,  МУСТА Б.Батмэнд, жүжигчин Х.Баярмаа нарын уран бүтээлч хамтран тоглосон.  Кино багийн ард 120-130 хүн тогтмол ажилласан юм. 

“Баян боол” киноны нээлтийг 3 дугаар сарын 3-нд  18:00 цагт Корпорэйт Конвэйншн центрт болно. Нээлтийн үеэр маш олон сюрпризийг үзэгчдэдээ задална. Өнөөдрөөс эхлэн ticket.mn сайтаар дамжуулан тусгай үзвэрийн урилга зарагдаж эхэлсэн. Мөн кинонд зориулсан хоёр дуу гаргасан бөгөөд нээлтийн өдөр цацна.

Т.Бадамжав: Тун удахгүй тайзны уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзана

Жүжигчин Жерри /Т.Бадамжав/: Эмоци продакшн ойн хүрээндээ олон уран бүтээлээр үзэгчиддээ бэлэг барина. Монгол улсынхаа 21 аймагт уран бүтээлээ толилуулахаас гадна дэлхийн олон оронд очиж тоглолтоо хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн манай хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ зөвхөн дэлгэцийн уран бүтээл гэхгүйгээр тайзны уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзана.

Г.Нарансолонго: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын бүх иргэнд киногоо үнэгүй үзүүлнэ 

МУСТА Г.Нарансолонго:  “Баян боол” УСК  зураачийн багийн ур чадвар, ажиллагаа шаардсан бүтээл болсон. Бид эзгүй хээр талд хүрээ барьж босгосон. 1800 оны манжийн дарлалын үеийг харуулсан учраас зураг авалт хийх газар чухал ач холбогдолтой байсан. Киноны зураг авалтыг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хийсэн.

Байгаль нь үзэсгэлэнтэй, эртний үеийг харуулахын тулд онгон дагшин байгаль зэргийг харгалзаж Хүдэр суманд хийсэн. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэд маш их тусалж дэмжсэн. Тиймээс Хүдэр сумын иргэдэд киногоо үнэ төлбөргүй үзүүлнэ.