Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

newslifemn 2023-02-7

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн оны долдугаар сард Замын хөдөлгөөний удирдлагын төвд автомашин ачиж, шилжүүлэх, зөөвөрлөх чиг үүрэг шилжиж очсон бөгөөд тус газрын дарга С.Адъяасүрэн журмын өөрчлөлттэй холбоотой холбогдох танилцуулгыг хийлээ. Дээрх журмын өөрчлөлт нь иргэдийн санал дээр тулгуурласан гэдгийг тэрбээр тодотгосон юм.

2022 оны байдлаар нийт 120,459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна.

Журамд оруулж буй өөрчлөлтийн тухайд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгчийг зарлан, дуудан ирүүлэх бөгөөд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ. 

Харин зөрчлийг тухайн жилд давтан гаргасан жолооч, эцсийн өмчлөгчийг мөн зарлан дуудуулж, цахимаар шийтгэн, зөрчлийг арилгуулна. Харин тухайн жилд 3 дахь удаа гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулж, тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх бөгөөд, үүнтэй холбоотой зохих төлбөрийг төлүүлэхээр тусгажээ.

Замын удирдлагын төв нь зөөх, шилжүүлэхтэй холбоотой фото зураг болон видео бичлэгийг хүлээн авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Журамд шинээр оруулж буй заалт нь тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөхөөр оруулжээ. Мөн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй аж.

Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх бөгөөд түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг саналыг давхар оруулжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэлсэн юм. 

П.Ганзориг: Бид зохицуулалтад хэт механикаар хандаж байна. Ачилтын үйл ажиллагаа явуулж буй 15 компанийн ажилтнуудын цалин авах хөшүүрэг нь аль болох олон машин ачих юм. Тиймдээ ч жолоочоос машиныг нь булааж аваад чирээд явах, тээврийн хэрэгслийг дотор нь байсан хүүхэд, амьтантай хамт ачих зэрэг зөрчил гарсан.  Тиймээс энэ журмын өөрчлөлтийн бодлого нь дээрх байдлыг газар дээрээ хэрхэн шийдэх вэ гэдэг чухал. 

С.Адъяасүрэн: Гол маргааны үндэс нь Ганзориг төлөөлөгчийн хэлж байгаа санал юм. Тиймээс журмын өөрчлөлтийн санал ч ийшээ чиглэсэн. Журамд орсон агуулга нь сануулах, торгох, эзэнд нь мэдэгдэх, дуудах  зэрэг байгаа учир маргах асуудал үүсэхгүй. Гурав дахь удаа зөрчил гаргасан жолоочийн хувьд маргах нөхцөл үүсэхгүй. Ачина, эсвэл газар дээр нь торгуулийнхаа 50 хувийг төлөөд ачуулахгүй байх гэсэн зохицуулалтыг оруулж ирж байгаа юм. Иргэд ч  ийм саналтай байна. 

Д.Пүрэвдаваа: Журмыг өөрчилснөөр одоо байгаа үзүүлэлтийг тийм хэмжээнд өөрчилж, сайжруулна гэсэн статистик мэдээлэл өгөх ёстой. 3-аас доошгүй удаа мессеж бичээд, зарлан дуудаад ирэхгүй бол тээврийн хэрэгслийг ачиж, чирнэ гэж байна. Зарлан дуудсаны дараа ямар хугацаанд тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгчийг хүлээх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. 

Д.Гантулга: Иргэдийг мэдээллээр хангаж, хариуцлагатай байх ёстой талаар нөлөөллийн ажил хийх ёстой. Нийгэмшсэн орчин үеийн хотод ажиллах гэж байгаа бол нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Журмын өөрчлөлтийн агуулгад энэ талаар оруулсан учраас зарчмын хувьд дэмжиж байна. 

Б.Сүхбаатар: Нийслэлийн замын хөдөлгөөнд үүссэн асуудлын хамгийн том шалтгаан нь замбараагүй барилга, хот төлөвлөлтийн алдаанаас болсон. Түгжрэл зөвхөн хотын төв, Яармагийн асуудал байхаа болисон. Энэ бүгдийг бий болгож, хариуцлагагүй болгосон эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрдугаарт ачиж, зөөвөрлөх ажлыг дүүргүүдэд хариуцуулмаар байна. Дүүргийнхээ хаана илүү түгжирч, замбараагүй машин байрлуулж байгаа асуудлыг шийдвэрлэх зохион байгуулалтыг Засаг дарга нарт нь өгөх хэрэгтэй. Мөн уг үйл ажиллагаанаас бүрдсэн орлогын тодорхой хувийг дүүргүүдэд олговол илүү үр дүнтэй ажиллах болно. 

Н.Баярмөнх: Эмнэлэг, сургууль руу түр орсон яарч, сандарсан хүмүүсийн машиныг ачсанаас үүдэлтэй маргаан гарч байна. Эмнэлгийн гадаа байрлуулсан машиныг ачихгүй гээд заачихвал тэр эмнэлгийн гадаа дүүрэн машин бөөгнөрнө. Хүний амьдралд тохиолдох л асуудал учраас онцгой шаардлага гарсан, сандарсан үед ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхой журамлах хэрэгтэй. 

Ү.Оюунзул: Энэ журамтай холбоотойгоор ачих, чирэх үйл ажиллагаа явуулж байгаа 15 компани болон иргэдэд таниулж, сурталчлах ажлаа сайн хийх хэрэгтэй. 

Б.Мөнхцэцэг: Машин ачилт замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хэр нөлөө үзүүлж байна вэ. Мөн энэ 15 байгууллагыг ямар сонгон шалгаруулалтаар тодруулж, ачиж, чирэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгож байгаа вэ. Дээрх компаниуд зөвхөн бизнес гэдэг талаас нь асуудалд хандаж, иргэдийн тээврийн хэрэгслийг чирж, ачихдаа төвлөрч байгаагаас биш замын хөдөлгөөний зөрчлийг арилгуулах, соён гэгээрүүлэх чиглэлд ажил хийхгүй байна.  

Ч.Раднаабазар: Ачиж, чирэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хүний машиныг хаана, аль хашаанд аваачиж журамласан талаарх мэдээллийг иргэдэд өгдөггүй. Иргэн тээврийн хэрэгслээ хаанаас авахаа мэддэггүй байдлыг засаж, цахимаар бүрэн дүүрэн мэдээлэл авах боломжоорр хангах ёстой.

Б.Нэргүй: Энэ журмаар нийслэл Улаанбаатар хот зөвхөн зөрчил гаргадаг хүмүүсийн эрхэнд багтаж амьдрах байдал руу орж байна. Нэг удаа сануулна…гэдэг журам ямар учиртай юм бэ. Бүх хүн машинаа “Нэг удаадаа” гээд зам дээр орхих нь байна. Гэтэл зөрчил гаргадаггүй 500 мянган жолоочийн эрхийг хэн хангах юм бэ. Энэ журмын төсөл, тэр дундаа 9.12.1 заалтыг хасах саналыг гаргаж байна. 

Ийнхүү төлөөлөгчид саналаа хэлсний дараа Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ