ЦЕГ: Нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

newslifemn 2023-01-6

Цагдаагийн байгууллагаас 60 гаруй хүнд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан У гэгч Д, Б, М, С нар нь 2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон аймгийн нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс:

  • 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга,
  • 45 ширхэг хөөрөг,
  • 11 ширхэг хөөргөний шүрэн толгой,
  • 15 ширхэг хөөргөний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураан авчээ.