Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсвийн хяналтын сонсголыг зохион байгууллаа

newslifemn 2026-11-11

Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын Дөрөвт заасны дагуу “Өмнөговь аймгийн 2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэл түүний үр дүн” сэдэвт төсвийн хяналтын сонсголыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар анх удаа зохион байгууллаа.
Сонсголд төрийн байгууллагын зүгээс “Өмнөговь аймгийн 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэл түүний үр дүн” сэдвийн жагсаалт бүрийг нэгтгэсэн байдлаар мөн сэдэвтэй холбоотой санхүүжилт, зарцуулалтын талаар тайлбар танилцуулгыг хийж төсвийн хяналтын сонсголд шинжээчээр томилогдсон шинжээчид дүгнэлтээ танилцуулж, оролцогчид сэдэвтэй холбоотойгоор асуулт асууж, санал хэлсэн ба төрийн албан хаагчид нэмэлт тайлбар хийлээ.
Сонсголд хууль тогтоомжийн дагуу иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагч төрийн албаны төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо. Тус сэдвээр сонсгол зохион байгуулсан нь цааш цаашдын сонсголыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байна гэдгийг харууллаа.
Орон нутгийн хөгжлийн сан нь тухайн орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийтийн эрх ашигт нийцсэн, олон хүн үр өгөөжийг нь хүртэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулагддагаараа чухал ач холбогдолтой билээ.