ХХНББХ: АХМАД НАСТНЫ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ

newslifemn 1 цагийн өмнө

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.10.01/-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.
 Хууль санаачлагчид “Өмнөх оны төсвийн үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсөвт тусгаж, зарцуулалтыг санхүүжүүлэх үүсвэр болон батлагдсан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг хуулийн өөрчлөлтөд нэмж тусгасан. Учир нь манай улсын 2026 оны төсвийн хэрэгжилтийн явцад өмнөх жилийн төсвийн үлдэгдлээс санхүүжүүлж буй зардал нь тухайн жилийн төсвийн зардалд тусгагддаг боловч орлогын хэсэгт шинээр орлого бүрдүүлээгүй нөхцөлд төсвийн тэнцэлд сөргөөр нөлөөлж байна” гэв.
 Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж нийгмийн даатгалын тогтолцоонд олон жил хуримтлагдсан тэнцвэргүй байдлыг үе шаттай арилгаж тэтгэврийн шинэчлэлийн үр өгөөжийг эрт хүртээх зорилгоор 435 мянган ахмадад суурь тэтгэвэр олгохоор тооцож 196,3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгахад 170,1 тэрбум төгрөг, боловсролын салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийн үлдэгдэл санхүүжилт 674.5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгажээ.
 Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэв.