“Эрүүл Монголын төлөө хамтдаа” нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ

newslifemn 4 цагийн өмнө

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг таниулах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэхээс гадна нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөн, зөв хооллолтыг сурталчлах, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилт, онцлогийг олон нийтэд сурталчлан хүргэнэ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр-т иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг тэргүүлэх зорилтын нэгээр тусгасан.

Өнөөдрийн байдлаар 15–69 насны гурван хүн тутмын нэг, 45–69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай байна. Нас баралтын нийт тохиолдлын 77 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Энэ онд Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ой тохиож буй бөгөөд уламжлалт анагаах ухааны өв соёл, мэдлэгийг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна.

Эрүүл мэнд бол хувь хүний төдийгүй нийгмийн хамтын хариуцлага юм. Иргэн бүр өөрөөсөө, гэр бүлээсээ эхлэн эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр Эрүүл Монголыг хамтдаа бүтээнэ.